Увс, Дундговь, Хөвсгөл аймагт вакцинжуулалтын идэвх муу байна
Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ, Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Шадар сайд С.Амарсайхан нар өнөөдөр /2021.6.2/ Баянзүрх дүүргийн дархлаажуулалтын цэгүүдэд очиж, иргэдийг дархлаажуулах ажилтай танилцлаа.
Нийслэлийн хэмжээнд дархлаажуулалтын ажил эрчимтэй явагдаж вакцинд хамрагдах насны нийт хүн амын 99,8 хувь нь нэгдүгээр тунд хамрагдаад байна. Өчигдөр эх үрсийн баяртай холбоотойгоор дархлаажуулалтад хамрагдах иргэдийн идэвх буурсан хэдий ч нийт 13819 хүн вакцинжуулалтад хамрагдсан.
Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар 951193 хүн нэгдүгээр тун хийлгэсэн байгаа бол хоёрдугаар тунд 746083 хүн хамрагдаад байна. Хөдөө орон нутгийн тухайд вакцинжуулалтыг эрчимжүүлж байна. Одоогийн байдлаар орон нутагт 908316 нэгдүгээр тунг хийлгээд байгаа бол бүрэн тунд 577183 хүн хамрагдсан байна.
Дархлаажуулалтад ихэнх аймаг, дүүргийн иргэд идэвхтэй хамрагдаж байгаа. Гэхдээ өвөлжилт хүндэрсэн Дундговь аймагт малчид оторт явсан шалтгаанаар вакцины тунд хамрагдах идэвх сул байна. Мөн Увс, Хөвсгөл зэрэг аймагт вакцинжуулалтын ажлыг эрчимжүүлэх шаардлагатай байгааг холбогдох албаны хүмүүс хэлж байв.
Вакцинжуулалтын 97 дугаар цэгийн мэдээллийг танилцууллаа. Баянзүрх дүүргийн тухайд найман цэгт дархлаажуулалт хийгдэж байна. Баянзүрх дүүргийн хувьд нийт иргэдийн 89,6 хувь нь нэгдүгээр тунд хамрагдсан. Харин хоёрдугаар тунд 70 орчим хувь нь хамрагдаад байна. Учир нь Баянзүрх дүүрэгт томоохон зах, худалдааны төв байдагтай холбоотойгоор тус үйлчилгээний төвийн ажилчдыг харьяалал харгалзахгүй нэгдсэн байдлаар нэгдүгээр тунд хамруулсан.
Тэдгээр хүмүүс хоёрдугаар тундаа өөрт ойр байрлах цэгт хамрагдаж байгаа учраас бүрэн тунд хамрагдаад байгаа иргэдийн хувь бага байгаа юм. Өнөөдөр манай цэгт 509 иргэн Файзер вакцин хийлгэсэн. Иргэд вакцинд идэвхтэй хамрагдаж байна. Эхний тунд хамрагдсан иргэд хоёрдугаар тундаа заавал хамрагдаж байгаа нь мөн сайшаалтай байна гэсэн юм.
Ийнхүү дархлаажуулалтын цэгийн үйл ажиллагаатай танилцах үеэр Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ вакцинжуулалтын идэвх сул байгаа аймгуудтай цахимаар холбогдож, дархлаажуулалтын ажлыг эрчимжүүлэх тал дээр анхаар ажиллахыг үүрэг болголоо.