“Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны тухай” хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсгийг байгууллаа
Цар тахлын улмаас Монгол Улсын эдийн засаг 5.4 хувиар буурсан үзүүлэлттэй байна.
Энэ оны 1 дүгээр улирлын байдлаар нийт ажиллах хүч өмнөх оноос 97.1 мянгаар буурч, ажилгүйдлийн түвшин 2.2 хувиар нэмэгдсэн. Түүнчлэн өнгөрсөн оноос хойш 548 мянган ажлын байр эрсдэлд өртөж, ДНБ-ий 43 хувийг бүрдүүлдэг салбарууд уналтад орсон.
Иймээс УИХ хувийн хэвшлийг дэмжиж, бизнес эрхлэгч нарт саад тотгор болж, хүндрэл үүсгэж буй асуудлын гарц шийдлийг олох, бизнесийн таатай хууль эрх зүйн орчныг бүрдүүлэхээр ажиллаж буй.
Үүнтэй холбогдуулан УИХ-ын дарга Г.Занданшатарын захирамжаар “Төр хувийн хэвшлийн хамтын ажиллагааны тухай” хуулийн төсөл боловсруулах Ажлын хэсгийг байгууллаа. Тус ажлын хэсгийг УИХ-ын гишүүн Д.Өнөрболор ахалж ажиллахаар боллоо.
Тус хууль улсын хэмжээнд дэд бүтэц, нийгмийн суурь үйлчилгээний салбарт тэргүүлэх ач холбогдолтой төсөл, арга хэмжээг төр, хувийн хэвшлийн түншлэлийн гэрээний дагуу хэрэгжүүлэхтэй холбогдон үүсэх харилцааг зохицуулах, түншлэгч талуудын ил тод, тогтвортой, үр ашигтай хамтын ажиллагаа, түншлэлийн эрх зүйн таатай орчинг бүрдүүлж, дэмжих зорилготой юм.
Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Д.Өнөрболороос энэ талаар тодруулахад “Улсын төсвийн хүрэлцээгүй байдлыг нөхөх, хувийн хэвшлийг урт удаан хугацааны хамтын түншлэлд татан оролцуулж, идэвхжүүлэх замаар нийгэмд үзүүлэх олон төрлийн үйлчилгээг сайжруулах боломжийг бүрдүүлдэг учраас гадны улс орнууд төр, хувийн хэвшлийн түншлэлд онцгой ач холбогдол өгч, хуулийн нарийн зохицуулалт хийдэг” болохыг онцоллоо.
Түүнчлэн ойрын үед УИХ-аар Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, МҮХАҮТ-ын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл, Худалдааны тухай, Виртуал хөрөнгийн тухай, Цахим гарын үсгийн тухай, Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулиудыг хэлэлцэхээр төлөвлөж байна.