Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцэв
УИХ-ын чуулганы өнөөдрийн \2021.06.18\ нэгдсэн хуралдаанаар Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19, 20 дахь илтгэлийг хэлэлцэв.
Илтгэлийг хүний эрхийн үндэсний Комиссын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч Ж.Хунан танилцуулав.
ХЗБХ-ны санал дүгнэлтийг УИХ-ын гишүүн Б.Энхбаяр танилцууллаа.
Тэрбээр танилцуулгадаа, Монгол Улсын Хүний эрхийн Үндэсний Комиссоос холбогдох хуульд заасны дагуу Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх илтгэлийг жил бүрийн эхний улиралд багтаан Улсын Их Хуралд өргөн барьдаг. "Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 19 дэх илтгэл" нь дөрвөн бүлгээс бүрдэж, 14 дэд бүлэг, 23 санал, зөвлөмжийг агуулсан.
Уг илтгэлийн нэгдүгээр бүлэгт “Малчин эмэгтэйчүүдийн хүний эрхийн нөхцөл байдал: хүчирхийллээс ангид байх эрх, бэлгийн болон нөхөн үржихүйн эрүүл мэнд, эрхийн зарим асуудал”, хоёрдугаар бүлэгт “Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуулийн хэрэгжилт”, гурав дахь бүлэгт “Химийн хорт болон аюултай бодисын хадгалалт, хамгаалалтын талаар тулгамдаж буй зарим асуудал", дөрөв дэх бүлэгт “Хүний эрхийн олон улсын индекс ба Монгол Улсын эзлэх байр” гэсэн мэдээллийг оруулсан.
19 дэх илтгэлийг ХЭҮК-оос хийсэн хяналт, шалгалт, судалгаа, тус комисст иргэдээс ирүүлсэн гомдол мэдээлэл болон Комиссын гишүүдийн шаардлага, зөвлөмж, Засгийн газар, холбогдох яам, агентлаг, төрийн байгууллагуудаас ирүүлсэн мэдээлэл, иргэний нийгмийн байгууллага болон бусад судлаачдын хийсэн судалгаа, мэдээлэлд дүн шинжилгээ хийх замаар боловсруулсан гэж байлаа.
Малчин эмэгтэйчүүдийн хүний эрх, хүчирхийллээс ангид байх эрхийн хүрээнд гурван асуудлыг хөндөж тавьсан. Тухайлбал, малчин эмэгтэйчүүдэд хамаарах статистик мэдээлэл, амьжиргаа, аж байдал, хөдөлмөр эрхлэлтийн асуудал болон малчин эмэгтэйчүүдийн хүчирхийллээс ангид байх эрхийн асуудал, тэдний бэлгийн болон нөхөн үржихүй, эрүүл мэнд, эрхийн асуудлыг хөндөж гаргасан. Жендэрийн эрх тэгш байдлыг хангах тухай хуульд заасны дагуу ХЭҮК нь хоёр жилд нэг удаа УИХ-д жендерийн эрх тэгш байдлын талаарх тайланг өргөн барьдаг.
Энэ хүрээнд хуулийн хэрэгжилттэй холбоотой мэдээллийг оруулсан. Химийн хорт болон аюултай бодисын хадгалалт, хамгаалалтын талаар тулгамдаж буй асуудлаар тодорхой саналуудыг гаргасан. Ялануяа химийн хорт болон аюултай бодисын бүртгэл, хадгалалт, устгалтай холбоотой асуудлыг хөндөж, тодорхой саналуудыг гаргасан байгаа. “Хүний эрхийн олон улсын индекс ба Монгол Улсын эзлэх байр” асуудалд тодорхой саналуудыг тусгаж, энэ хүрээнд тус комиссоос үндэсний индексийг боловсруулах ажлыг эхлүүлсэн гэдгийг ХЭҮК-ийн гишүүн Ж.Хунан танилцуулгадаа дурдсан.
"Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 20 дахь илтгэл"-ийг 2021 оны 03 дугаар сарын 31-ны өдөр Улсын Их Хуралд өргөн барьсан байна. Энэ удаагийн илтгэл нь дэлхий нийтэд нүүрлэсэн КОВИД-19 цар тахлын аюулын нөхцөл байдалд хэрэгжүүлж байгаа арга хэмжээ нь хүний эрхийг хангах, хамгаалах, хүний эрхэд суурилж байгаад үнэлэлт, дүгнэлт өгөх “КОВИД-19 цар тахал ба хүний эрх” гэсэн сэдвийн хүрээнд боловсруулснаараа онцлогтой. Нийтдээ 6 бүлэг, 29 дэд бүлгээс бүрдэж, үүн дээр үндэслэн 40 саналыг хүргүүлжээ.
Уг тайлангийн танилцуулгад:
Нэгдүгээр бүлэгт:
Хүний амь нас, нийтийн эрүүл мэндийг хамгаалах үүднээс Ковид-19 цар тахлын үед хүний эрх, эрх чөлөөнд хязгаарлалт тогтоож болно. Гэвч ийм хязгаарлалт нь зорилгоо биелүүлэхэд зайлшгүй шаардлагатай, хүний эрх, эрх чөлөөг хамгийн бага түвшинд хязгаарласан, хүнийг ялгаварлан гадуурхаж, гутаан доромжилсон шинжгүй байх ёстой. Энэ бүлэгт хөл хорио, тусгаарлалт, нийгмийн хэв журам сахиулах үйл ажиллагааны үед хүний амьд явах, халдашгүй чөлөөтэй байх, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрх хэрэгжсэн эсэхэд дүн шинжилгээ хийв.
Хоёрдугаар бүлэгт:
Зорилтот бүлгийн эрх Ковид-19 цар тахлын нөхцөлд төрөөс ахмад настан, хүүхэд, эмэгтэйчүүд, хөгжлийн бэрхшээлтэй, амьжиргааны баталгаажих түвшнээс доогуур орлоготой, эрсдэлтэй бүлгийн иргэдэд нийгмийн халамж хүргэх, хоол хүнс, орон байр, цэвэр ус, түлш, ариун цэврийн хэрэгсэл зэрэг наад захын хэрэгцээт зүйлсээр хангах ёстой. Энэ бүлэгт эдгээр иргэдийн нийгмийн халамж, хамгаалал болон хүчирхийллээс ангид байх эрхийн хэрэгжилтийг үнэлж, тулгамдаж буй асуудлыг тодорхойлов.
Гуравдугаар бүлэгт:
Иргэний болон улс төрийн эрх, эрх чөлөө Монгол Улс энэ цаг үед хүний эрх, эрх чөлөөг хамгаалсан бодлого, хууль батлан гаргаж, Улсын Их Хурлын болон орон нутгийн ээлжит сонгуулийг товлосон хугацаанд нь зохион байгуулж, иргэний, улс төрийн эрхийг хангах талаар амжилт гаргасан. Гэвч иргэнийхээ эх орондоо эргэж ирэх, хувийн нууцаа хамгаалуулах, мэдээлэл авах эрхийг зөрчиж, үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх, жагсаал цуглаан хийх, шударга шүүхээр шүүлгэх, төрийн үйл хэрэгт оролцох эрхийн талаар авсан зарим арга хэмжээ нь хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах хуульд заасан шаардлагад нийцээгүй талаар тусгав.
Дөрөвдүгээр бүлэгт:
Эдийн засаг, нийгэм, соёлын эрх Ковид-19 цар тахлын үед иргэдийн эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж, үйлчилгээ авах, хөдөлмөрлөх, аж ахуй эрхлэх, сурч боловсрох зэрэг эрхэд үзүүлж буй нөлөөлөл, төрөөс авч буй хариу арга хэмжээ, үр дагаврыг тодорхойлж, эдийн засаг, нийгэм, соёлын эрхийг хангах чиглэлээр санал дэвшүүлэв.
Тавдугаар бүлэгт:
Төрийн албан хаагчдын хөдөлмөрлөх эрх, гамшгаас хамгаалах бүх нийтийн бэлэн байдлын үед тусгай үүрэг гүйцэтгэсэн эмч, эрүүл мэндийн ажилтан, цагдаа, онцгой байдал, мэргэжлийн хяналтын байгууллагын албан хаагчдын ажиллах орчин нөхцөл, цалин хөлс, нэмэгдэл, урамшуулал, халдвар хамгааллын хувцас, хэрэгслийн хангалт, эрүүл мэнд болон нийгмийн баталгаа зэрэг хөдөлмөрлөх эрхийн хэрэгжилтэд судалгаа, дүн шинжилгээ хийж, цаашид авах арга хэмжээний талаарх саналыг боловсруулав.
Зургаадугаар бүлэгт:
Туслах малчдын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хүний эрхийн хэрэгжилт Комисс “Туслах малчдын нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, хүний эрхийн хэрэгжилт” судалгааг 6 аймгийн 18 сумын малчид, орон нутгийн удирдлага, албан хаагчдын төлөөлөл нийт 1244 хүнийг хамруулан зохион байгуулж, судалгааны үр дүнд тулгуурлан боловсруулав гэж дурдсан байлаа.