Авлигатай тэмцэх газрын дэд даргаар Г.Азжаргалыг томилохыг дэмжив
2021.07.07

Авлигатай тэмцэх газрын дэд даргаар Г.Азжаргалыг томилохыг дэмжив

Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн (2021.07.07) хуралдаан 08 цаг 44 минутад гишүүдийн ирц бүрдсэнээр эхэлж, Авлигатай тэмцэх газрын дэд даргыг томилохоор ирүүлсэн саналыг хэлэлцлээ.

 Авлигын эсрэг хуулийн 21 дүгээр зүйлийн 21-2-т “Авлигатай тэмцэх газар дэд даргатай байна. Дэд даргыг Авлигатай тэмцэх газрын даргын санал болгосноор Улсын Их Хурал томилгооны сонсгол хийж 6 жилийн хугацаагаар томилно” гэж, Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдааны дэгийн тухай 108 дугаар зүйлийн 108.1-т “Хууль тогтоомжоор эрх олгогдсон албан тушаалтан Улсын Их Хуралд ажлаа шууд хариуцан тайлагнадаг байгууллагын эрх бүхий албан тушаалтныг томилох, чөлөөлөх санал гаргасан бол холбогдох Байнгын хороо 7 хоногийн дотор хэлэлцэж санал, дүгнэлт гаргана” гэж заасан байдгийг Байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцууллаа. Авлигатай тэмцэх газрын дэд даргыг томилуулах тухай Улсын Их Хуралд ирүүлсэн саналаа тус газрын дарга, Тэргүүн комиссар З.Дашдаваа танилцуулав.

Авлигын эсрэг хуульд зааснаар Авлигатай тэмцэх газрын дарга, дэд даргаар Авлигатай тэмцэх газрын удирдах болон гүйцэтгэх албан тушаалд мэргэжлийн болон зохих нөхцөл, шалгуурыг хангасан, авлига, албан тушаалын хэргээр шалгагдаж сахилгын, захиргааны, эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй иргэнийг томилох зохицуулалттай. Түүнчлэн тус газрын дэд дарга төрийн албанд 10-аас доошгүй жил ажилласан, эрх зүйч мэргэжилтэй, гүйцэтгэх болон мөрдөн байцаах ажлын мэдлэг, туршлагатай, сүүлийн 5 жил улс төрийн албан тушаал эрхэлж байгаагүй байх шаардлагыг хангасан байх ёстой гэснийг баримтлан тус шаардлагуудыг хангаж буй Гүйцэтгэх ажлын хэлтсийн дарга, Эрхэлсэн комиссар Гаваасүрэнгийн Азжаргалыг дэвшүүлэн томилох саналыг танилцууллаа. Нэр дэвшигч  нь 1984 онд Улаанбаатар хотод төрсөн, 37 настай, яс үндэс халх. Дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй. Орос, англи хэлтэй, ам бүл 4. Эхнэр 2 хүүхдийн хамт амьдардаг. Тэрбээр 1992-2001 онд Монгени бүрэн дунд сургууль, 2002-2007 онд ОХУ-ын Дотоод явдлын яамны дээд сургуулийг төгссөн. Мөн 2011 онд АНУ-ын Ази номхон далайн аюулгүй байдлын судалгааны төвд терроризмтой тэмцэх чиглэлээр, 2013 онд АНУ-ын Холбооны мөрдөх товчооны үндэсний академид үндэстэн дамнасан гэмт хэрэгтэй тэмцэх чиглэлээр, 2017 онд ОХУ-ын Холбооны аюулгүй байдлын институтэд тус тус мэргэшил дээшлүүлжээ.

    Эрхэлсэн комиссар Г.Азжаргал нь 2002-2007 онд сонсогч, 2007-2014 онд Цагдаагийн ерөнхий газрын Эрүүгийн цагдаагийн газарт эрүүгийн төлөөлөгч, ахлах төлөөлөгч, 2014-2015 онд Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын 3-р тасгийн дарга, 2015-2016 онд Эрүүгийн цагдаагийн газарт тасгийн дарга, 2016-2018 онд Авлигатай тэмцэх газрын Гүйцэтгэх ажлын хэлтсийн тасгийн дарга, 2018 оноос одоог хүртэл Авлигатай тэмцэх газрын Гүйцэтгэх ажлын хэлтсийн даргаар ажиллаж байна. Г.Азжаргал нь цагдаагийн байгууллагад 9 жил, Авлигатай тэмцэх газар 5 дахь жилдээ, хууль сахиулах байгууллагад 14 дэх жилдээ ажиллаж байгаа юм байна.

 Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооноос өчигдөр (2021.07.06) Авлигатай тэмцэх газрын дэд даргын албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголыг зохион байгуулсан бөгөөд энэ талаар Байнгын хорооны дарга С.Бямбацогт танилцуулав. Улсын Их Хурал 2020 онд Авлигын эсрэг хуульд өөрчлөлт оруулж, тус байгууллагын даргыг Ерөнхий сайдын санал болгосноор, дэд даргыг Авлигатай тэмцэх газрын даргын санал болгосноор сонсгол хийж томилдог байхаар хуульчилсан юм. Тус газрын даргаас 2021 оны зургадугаар сарын 14-ний өдөр Гаваасүрэнгийн Азжаргалыг Авлигатай тэмцэх газрын дэд даргын албан тушаалд томилуулах саналыг Улсын Их Хурлын даргад ирүүлсэн байна.

    Улсын Их Хурлын Хууль зүйн байнгын хорооны 2021 оны зургадугаар сарын 22-ны өдрийн 15 дугаар тогтоолоор томилгооны сонсголын товыг тогтоож, 14 хоногийн турш иргэд олон нийтэд мэдээлж, холбогдох санал хүсэлтийг авчээ. “Томилгооны сонсголын даргалагч, ажиглагчийн тоо тогтоох тухай” Байнгын хорооны тогтоолыг бол 2021 оны зургадугаар сарын 29-ний өдрийн хуралдаанаар баталсан бөгөөд томилгооны сонсгол даргалагчаар Хууль зүйн байнгын хорооны дарга С.Бямбацогтыг томилж, 10 хүртэл тооны оролцох ажиглагчтай байх шийдвэрлэжээ. Нэр дэвшигч Гаваасүрэнгийн Азжаргал нь тухайн албан тушаалд тавигдах шаардлагыг хангах эсэх талаар иргэд, олон нийтэд танилцуулах, Улсын Их Хурлын гишүүдийг шийдвэр гаргахад нь мэдээллээр хангах зорилгоор 2021 оны долдугаар сарын 6-ны өдөр  Хууль зүйн байнгын хороо Авлигатай тэмцэх газрын дэд даргын албан тушаалд нэр дэвшигчийн томилгооны сонсголыг зохион байгуулсан байна. Сонсголд Улсын Их Хурлын гишүүн А.Адьшаа, Ё.Баатарбилэг, С.Бямбацогт, Д.Ганбат, Б.Дэлгэрсайхан, Ц.Мөнх-Оргил, Ц.Мөнхцэцэг, Б.Пүрэвдорж, Ш.Раднаасэд, Ж.Сүхбаатар, Ц.Сандар-Очир, Д.Цогтбаатар, Б.Энх-Амгалан, Б.Энхбаяр нар оролцжээ. Мөн “Жин И Жао” ХХК-ийн ерөнхий захирал Ц.Ганболд, “Оюутолгойн хяналт” ТББ-ын тэргүүн Д.Сүхгэрэл, “Захиргааны шинэ санаачилга” ТББ-ын гүйцэтгэх захирал С.Цэрэнпүрэв, “Бодлогод залуусын хяналт” ТББ-ын ерөнхий менежер Т.Амарзаяа, “Буйр нуурь” хөдөлгөөний тэргүүн Д.Ганцогт, “МН 25 дугаар суваг” телевизийн тоймч Э.Дөлгөөн нар оролцогчоор, “Трансперенси интернэшнл Монгол” ТББ-ын дэд захирал Э.Мөнхжаргал ажиглагчаар оролцсон байна. Улсын Их Хурал анх удаа томилгооны сонсгол зохион байгуулсан бөгөөд Улсын Их Хурлын Тамгын газрын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс 4 цаг 20 минутын турш шууд дамжуулж, иргэд олон нийтэд томилгооны сонсголыг хүргэсэн болохыг дурдав. Энэ удаагийн томилгооны сонсгол нь Улсын Их Хурлын шийдвэр гаргах үйл ажиллагаанд оролцох, иргэдийн дуу хоолойг хүргэх шинэ алхам болсон төдийгүй тухайн нэр дэвшигчийг олон нийтэд танилцуулах, нэр дэвшигчийг санал болгож буй байгууллага нь гагцхүү хуулийн шаардлага хангасан мэдлэг, мэргэжил, ур чадвартай хүнийг нэр дэвшүүлэн, Улсын Их Хурлын болон олон нийтийн шүүлтүүрээр оруулах үүдийг нээсэн ач холбогдолтой гэж дүгнэж байгаагаа танилцууллаа.

 Байнгын хорооны даргын болон Тэргүүн комиссарын танилцуулгатай холбогдуулан Улсын Их Хурлын гишүүд асуулт асууж, үг хэллээ. Улсын Их Хурлын гишүүн Ц.Сандаг-Очир, Н.Алтанхуяг нар албан тушаалд нэр дэвшигчдийн талаарх томилгооны сонсголыг зохион байгуулах нь чухал ач холбогдолтой гэдгийг тэмдэглэж, энэ төрлийн үйл ажиллагааг тогтмолжуулах нь зүйтэй гэдэг байр суурийг илэрхийлсэн. Томилгооны сонсголын үеэр нэр дэвшигч авлигатай тэмцэх чиглэлээр хийж, хэрэгжүүлэх үйл ажиллагааныхаа талаар танилцуулсан бөгөөд энэ нь Улсын Их Хурлын энэ чиглэлийн бодлоготой нийцэж байгааг Б.Энхбаяр гишүүн тэмдэглэж байлаа. Анх удаа Авлигатай тэмцэх газрын даргын санал болгосноор, Улсын Их Хурлаас зохион байгуулсан анхны томилгооны сонсголоор зургаан жилийн хугацаатай томилогдох дэд даргыг хэлэлцсэн. Улс төрийн ямар нэг албан тушаалтны оролцоогүй, мэргэжлийн удирдлагын томилгоо болж буйгаараа нэн онцлогтой гэдгийг онцолж байлаа. Байнгын хорооны гишүүд газрын наймаа, албан тушаалын хэргүүдийг шийдвэрлэх, байгалийн баялаг дагасан асар их хөрөнгө, мөнгийг төсвөөс гадуур зарцуулдаг, энэ нь Улсын Их Хурал, Засгийн газрын хяналтад ордоггүй төрийн өмчит компаниудыг шалгах, Монгол Улсаас эх үүсвэртэй оффшор бүс дэх  хөрөнгийн асуудлыг шалгах, шийдвэрлэх, гадаад харилцаагаа өргөжүүлэх, хамтын ажиллагаагаа сайжруулах чиглэлд онцгой санаачилгатай ажиллахыг сануулж байлаа. Улсын Их Хурлын гишүүн Д.Ганбат, Б.Энх-Амгалан нар нэр дэвшигчийг дэмжиж байгаагаа илэрхийлсэн.

    Ийнхүү Авлигатай тэмцэх газрын даргаас тус газрын дэд даргаар Г.Азжаргалыг томилохоор ирүүлсэн саналыг хэлэлцээд, эл саналыг дэмжих эсэх томьёоллоор санал хураалт явууллаа. Байнгын хорооны хуралдаанд оролцсон 16 гишүүний 14 нь саналыг дэмжиж байгаа илэрхийлсэн тул “Авлигатай тэмцэх газрын дэд даргыг томилох тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг С.Бямбацогт дарга танилцуулсан юм. Энэхүү тогтоолын төслийг чуулганы нэгдсэн хуралдаанд танилцуулж, батлуулахаар шийдвэрлэв.