Боловсролын салбарт тэрбум төгрөгийн хэмнэлт хийх "Цахим төсөв" төслийг санаачилсан ажилтан ЗГ-ын хүндэт өргөмжлөл хүртлээ
Салбартаа ажил үйлсээрээ манлайлсан төрийн албан хаагчдад Монгол улсын Засгийн Газраас шагнал олгодог уламжлалтай. Монгол улс 200 мянга орчим төрийн албан хаагчтай.
Тэдгээрийн 49 хувь нь Боловсрол, шинжлэх ухааны салбарт ажиллаж байна. Салбарынхаа 99 мянга гаруй ажилтан , албан хаагчдаас Боловсрол, шинжлэх ухааны яамны Санхүү, эдийн засгийн газрын ахлах шинжээч Алтаннямын Мөнх-Оргил өнөөдөр Засгийн газрын шагнал хүртсэнийг Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан гардуулан өглөө.
Ахлах шинжээч А.Мөнх-Оргил нь Австрали улсын ЗГ-ын тэтгэлэгээр тус улсад суралцан, төгсөж ирмэгцээ салбарынхаа төсвийн төслийг цахим хэлбэрээр авдаг байхаар судалж, улмаар хэрэгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан юм. Түүний санаачилан баг хамт олноороо нэвтрүүлсэн ажлын үр шимээр Боловсролын салбар 2022 оны төсвөө цахимаар авах боломж бүрдэж, жилд тэрбум орчим төгрөгийн хэмнэлт хийх боломж бүрдсэн юм. 150 хүүхдийн ортой цэцэрлэг барих хэмжээний энэхүү хэмнэлтийг салбартаа бий болгох ажлыг санаачлан, эхлүүлсэн түүний зүтгэлийг Монгол Улсын Засгийн газар ийнхүү үнэллээ.