Д.Дэмбэрэл: Зар сурталчилгаагаа соёлтой явуулах тал дээр анхаарах хэрэгтэй
2009.06.04

Д.Дэмбэрэл: Зар сурталчилгаагаа соёлтой явуулах тал дээр анхаарах хэрэгтэй

УИХ-ын нэгдсэн чуулган өнөөдөр 65 гишүүнтэйгээр ирц сайтай хуралдаж байна. Хуралдааны эхэнд өнгөрсөн долоо хоногт хэлэлцэж дуусаагүй байсан Зар сурталчилгааны тухай хуульд нэмэлт оруулах тухай, Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэх эсэх асуудлыг хэлэлцлээ.

Энэ хуулийн төслийг УИХ-ын гишүүн З.Алтай, Р.Амаржаргал нарын нэр бүхий гишүүдийн санаачилан, боловсруулсан юм. Өнөөдөр хэрэгжиж байгаа Архидан согтуурахтай тэмцэх тухай хуулиар согтууруулах ундааг сурталчлахыг хориглосон байдаг. Гэвч согтууруулах ундааг сурталчлахыг хориглосноор архидан согтуурах явдал буурахгүй, радио, телевиз болон хэвлэл, мэдээллийн бусад хэрэгслээр согтууруулах ундааг далд аргаар сурталчлах нь нэмэгдэх хандлагатай байгаа нь энэ талаархи эрх зүйн зохицуулалт оновчгүй, уян хатан бус байгаатай холбоотой гэж хууль санаачлагчид үзэж байгаа аж. Хуулийн төсөлд Хатуулаг багатай пиво, дарсыг хязгаарлалттайгаар сурталчлах боломжийг хэвлэл, мэдээллийн байгууллагад олгохдоо радио, телевизүүд шөнийн цагт, сонин, сэтгүүлийн хувьд гаралтын хэмжээг харгалзан хэвлэлийн талбайн тодорхой хэсэг болон зарим дугаарт сурталчилж болохоор тусгажээ.

Олонхи гишүүд зар сурталчилгаа хийхдээ давхар хор уршгыг хариулсан байх ёстой гэж хуульчлах хэрэгтэй гэсэн санал гаргаж байлаа. Санал хураалтаар гишүүдийн 80,4 хувь нь дэмжиж энэ хуулийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзлээ.

УИХ-ын дарга Д.Дэмбэрэл “зар сурталчилгаагаа соёлтой явуулах талаар анхны хэлэлцүүлгийн үеэр их анхаарах хэрэгтэй” гэдгийг санууллаа. Хуулийн төсөл УИХ-ын Хууль зүйн байнгын хороонд шилжлээ.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.