Сонгинохайрхан дүүрэгт бүрэн орос сургалттай сургууль ашиглалтанд оруулахаар ажиллаж байна
2021.08.24

Сонгинохайрхан дүүрэгт бүрэн орос сургалттай сургууль ашиглалтанд оруулахаар ажиллаж байна

Дүүргийн 4-р хороонд баригдаж буй сургуулийг Орос дөрөвдүгээр сургууль болгох ажлыг ХЗДХ сайд Х.Нямбаатар санаачлан ажил хэрэг болгож буй юм.

Энэ асуудлаар Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Д.Сумъяабазар, Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, УИХ-ын гишүүн Б.Жаргалмаа, ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов болон дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай нар санал солилцон ажиллалаа.

Тус сургуулийн барилгын ажлын гүйцэтгэл 80 гаруй хувьтай үргэлжилж байгаа бөгөөд энэ оны есдүгээр сард ашиглалтад орохоор тусгагдсан. Мөн тус сургууль нэгдүгээр ээлжинд 630, хоёрдугаар ээлжинд 1000 гаруй хүүхэд хүлээж авах хүчин чадалтай.

Орос, Монгол улсын найрсаг харилцааны хүрээнд тус сургуулийг бүрэн Орос сургалттайгаар хичээллүүлж эхэлснээр дүүргийнхээ хүүхэд, багачуудын мэдлэг боловсролд томоохон хөрөнгө оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа дүүргийн Засаг дарга Н.Алтаншагай хэллээ.

Мөн Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Сумъяабазар “Нийслэлийн хамгийн олон хүн ам төвлөрөн суурьшсан дүүрэгт хэд, хэдэн дэд төвүүдийг байгуулж байгаа. Бид дэд төвүүдийг түшиглэн хотын хэт төвлөрлийг задлах, захын дүүргүүдийг хөгжүүлэхэд чиглэн ажиллаж байна. Тиймээс энэхүү сургуулийг Орос сургалттайгаар ашиглалтад оруулснаар олон талын ач холбогдолтой” талаар ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизовд уламжлав.

Харин энэ үеэр ОХУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд И.К.Азизов удирдлагуудын саналыг дэмжихээ илэрхийлж, Боловсролын салбарын мэргэжилтнүүдтэй дахин уулзалт төлөвлөн, хамтран ажиллахыг зөвлөлөө.

Удирдлагууд тус сургуулийг бүрэн Орос сургалттай хичээллүүлэхийн тулд боловсон хүчин болох сурган хүмүүжүүлэгч нарын нийгмийн асуудлыг бүрэн шийдвэрлэх тал дээр онцгойлон анхаарч байгаа юм.