2021.07.29

Б.Баттөмөр гишүүн Дархан-Уул аймагт хийгдэж буй бүтээн байгуулалтын ажилтай танилцаж байна

Улсын Их Хурлын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Б.Баттөмөр өөрийн сонгогдсон тойрог болох Дархан-Уул аймагт ажиллаж байна. Тэрээр Дархан-Уул аймагт хийгдэж байгаа бүтээн байгуулалтын ажлуудын  гүйцэтгэлтэй танилцжээ. 

Үүнд: 

  • Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар Дархан-Уул аймгийн Дархан сумын гуравдугаар багт 480 хүүхдийн сургууль барьж буй. Барилгын ажил 50 хувьтай яваа бөгөөд гүйцэтгэгчид тус сургуулийг 2022 онд ашиглалтад оруулахаар ажиллаж байна. 

  • Дархан сумын Өргөө багт Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар барьж буй 100 хүүхдийн цэцэрлэгийн барилга 95 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна. Цэцэрлэг ашиглалтад орсноор Өргөө багийн хүүхэд багачууд шинэ цэцэрлэгтээ сурч, хөгжих боломж бүрдэх юм.

  • Дархан сумын Тосгон чиглэлийн гадна дулааны шугам сүлжээний 1.3 км хос шугман хоолойг тавих ажил 70 хувьтай явж байна. Гүйцэтгэгчид эл ажлыг ирэх аравдугаар сард захиалагчид хүлээлгэн өгөхөөр төлөвлөжээ.

  • Дархан сумын 6, 7 дугаар багт 2.079 км урт хатуу хучилттай зам, 2 км явган хүний зам, Ус зайлуулах төмөрбетон хоолойг 2 байршилд,  дөрвөлжин хоолойг 1 байршилд тус тус байгуулах ажил дуусжээ. Улсын  төсвийн хөрөнгө оруулалтаар хийгдэж буй тус ажлын талбайн цэвэрлэгээ 50 хувь, гэрэлтүүлгийн ажил 80 хувийн гүйцэтгэлтэй үргэлжилж байна.