Ц.Элбэгдоржид баяр хүргэсэн мэндчилгээ ирсээр байна
Өнгөрсөн тавдугаар сарын 24-нд болсон Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулаад байгаа УИХ-ын гишүүн Ц.Элбэгдоржид гадаадын улс орны тэргүүн, олон улсын байгууллагаас баяр хүргэсэн мэндчилгээ ирсээр байна.
БНСУ-ын Ерөнхийлөгч Ли Мён Бак ирүүлсэн мэндчилгээндээ “Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Эрхэмсэг ноён Танд Бүгд Найрамдах Солонгос Улсын Засгийн газар болон ард түмнийг төлөөлөн чин сэтгэлийн халуун баяр хүргэе.
Ирэх онд БНСУ Монгол Улсын хооронд дипломат харилцаа тогтоосоны 20 жилийн ой тохиож байгаа билээ. Манай хоёр улсын харилцаа 1990 онд дипломат харилцаа тогтоосоноос хойш олон салбарт үсрэнгүй хөгжиж ирсэн явдалд туйлын баяртай байна. Миний бие эрийн цээнд хүрч буй Солонгос Монгол хоёр улсын харилцааны шинэ хөгжлийн төлөө Эрхэмсэг ноён Тантай хамт хүчин зүтгэх болно.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд ялалт байгуулсан явдалд дахин баяр хүргэж, Танд эрүүл энхийг хүсхийн ялдамд Монгол Улс үүрд мөнхөд хөгжин цэцэглэхийн ерөөл дэвшүүлье” гэжээ.
Бүгд Найрамдах Ардчилсан Алжир Ард Улсын Ерөнхийлөгч Абделазиз Бүтефлика ирүүлсэн мэндчилгээндээ “Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсонд тань Алжирийн ард түмэн, Засгийн газрынхаа нэрийн өмнөөс болон хувиасаа халуун баяр хүргэхийн ялдамд энэхүү нэр хүндтэй албаа амжилттай хэрэгжүүлэх үйлсэд тань сайн сайхны ерөөл дэвшүүлье.
Таны бүрэн эрхийн хугацаанд Монголын ард түмэн хөгжил, дэвшлийн тодорхой ололт амжилтад хүрнэ гэдэгт миний бие итгэлтэй байна.
Манай хоёр орны уламжлалт найрсаг харилцааг бэхжүүлэн хөгжүүлэхийн төлөө Тантай хамтран ажиллахаа нотлон илэрхийлэхэд таатай байна.
Эрхэмсэг Ноён Ерөнхийлөгч Таныг нэн өндрөөр хүндэтгэж байгааг минь хүлээн авна уу” гэсэн байна.
Олон улсын Бүгд найрамдахчуудын хүрээлэнийн Ерөнхийлөгч Логни В.Крэнер мэндчилгээндээ “Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон Танд Олон улсын Бүгд найрамдахчуудын хүрээлэнгийн нэрийн өмнөөс чин сэтгэлийн баяр хүргэе.
Та төрийн алба хаших хугацаандаа Монгол Улсад ардчиллыг бэхжүүлэн хөгжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан. Тантай болон танай Ардчилсан намтай олон жилийн хамтын ажиллагаатай явсаар ирсэнд Олон улсын Бүгд найрамдахчуудын хүрээлэн бахархаж байдаг.
Таны шинэ албанд амжилт хүсэхийн ялдамд бидний харилцаа цаашид улам гүнгийрнэ гэдэгт найдаж байна” гэжээ.
БНСВУ-ын ерөнхийлөгч Нгуен Минь Чиет мөн мэндчилгээ ирүүлж “Монгол Улсын Ерөнхийлөгчөөр сонгогдсон явдалд Эрхэмсэг ноён Танд миний бие чин сэтгэлээсээ халуун баяр хүргэе!
Өнгөрсөн хугацаанд Вьетнам, Монгол манай улсын хоорондын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа тасралтгүй бэхжин өргөжиж ирсэн бөгөөд хөгжилийн шинэ алхамд хүрч байгаа явдалд маш их баяртай байна.
Ноён Таны идэвхтэй хамтран ажиллахад анхаарлаа хандуулснаар манай хоёр улсын хоорондын уламжлалт найрсаг харилцаа, хамтын ажиллагаа цаашид хоёр улсын ард түмний эрх ашиг, дэлхийн болон Ази-Номхон далайн бүс нутгийн энх тайван, тогтвортой байдал, хөгжил цэцэглэлт, хамтын ажиллагааны тусын тулд улам их бэхжин хөгжинө гэдэгт итгэл төгс байна.
Эрхэмсэг ноён Танд эрүүл энх, аз жаргал, өндөр хариуцлагатай албандаа их амжилт олохын өлзийтэй ерөөлийг дэвшүүлье” хэмээжээ.