Хоёр хөршөөс 30-аас дээшгүй цагаач иргэн хүлээн авна
2009.06.19

Хоёр хөршөөс 30-аас дээшгүй цагаач иргэн хүлээн авна

Өнөөдөр үдээс өмнөх нэгдсэн чуулганаар Монгол Улсад 2009-2012 онд оруулж болох цагаач гадаадын иргэдийн тоо, бүтэц, байршлын тухай УИХ-ын тогтоолын төслийг анхны хэлэлцүүлэг хийлээ. Хууль зүйн байнгын хорооноос тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлья гэсэн  горимын санал орж ирсэнг гишүүд дэмжлээ.

Монгол Улсад 2009-2012 онд жил бүр оруулж болох цагаач гадаадын иргэдийн бүтцийг ОХУ-ын харьяат иргэн 30-аас дээшгүй, БНХАУ-ын харьяат 30-аас дээшгүй, бусад орны харьяат иргэн 40-өөс дээшгүй байхаар тогтоов. Энэ хугацаанд жил оруулж болох цагаач гадаадын иргэдийн байршлыг Улаанбаатар хотод 50-иас дээшгүй, Дархан-Уул, Орхон, Сэлэнгэ, Дорнод аймагт тус тус дөрвөөс дээшгүй, бусад аймагт хоёроос дээшгүй байх юм.

Өнөөдрийн байдлаар манай улсад гадаадын 16 улсын нийт 2405 иргэн цагаачлан амьдарч байгаагаас ОХУ-ын 1000, БНХАУ-ын 1320, бусад улсын 88 иргэн байгаа аж. Судалгаанаас үзвэл манай улсад амьдарч буй цагаач иргэдийн тоо буурч байгаа юм байна.

Гадаадын иргэдийн эрх зүйн байдлын тухай хуулиар Монгол Улсын нутаг дэвсгэрт хувийн хэргээр удаан хугацаагаар болон байнга оршин суугч, цагаач гадаадын иргэдийн тоо нь Монгол Улсын харьяат хүн амын 0.8 хувиас доош байгаа нөхцөлд Засгийн газрын өргөн мэдүүлснээр УИХ тус улсад оруулж болох цагаач гадаадын иргэдийн тоо, бүтэц болон засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжид оршин суух цагаачийн тоог улс орноор нь бүрэн эрхийнхээ хугацаанд нэг удаа, 0.8 хувиас дээш гарсан нөхцөлд жил тутам тогтоож байхаар заасан.

Иймээс Монгол Улсад хувийн хэргээр удаан хугацаагаар оршин суугч болон байнга оршин суугч, цагаач гадаадын иргэдийн нийт тоо 3471 буюу тус улсын харьяат хүн амын 0.14 хувь /0.8 хувиас доош/ байгаа тул хуульд заасны дагуу Монгол Улсад 2009-2012 онд оруулж болох цагаач иргэдийн тоог жил бүр 100-гаас дээшгүй байхаар тогтоолоо.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.