Х.Нямбаатар сайд Хууль зүй, дотоод хэргийн сайдын албыг хашиж эхлээд улс орны эдийн засгийг сайжруулах, нэр хүндийг дээшлүүлэх, хууль бус үйл ажиллагаа болон энэ төрлийн бүлэгтэй тэмцэх зорилгоор Засгийн газраас байгуулсан цөөнгүй ажлын хэсэгт ахлагч, гишүүнээр ажиллаж байна.
Тэрээр Монгол Улсын нэр хүндийг олон улсад доройтуулж, бизнесийн итгэлгүй түнш болгосон хэргүүдийг шийдвэрлэх, гадны хөрөнгө оруулагчдын хохирлыг барагдуулах зорилгоор Засгийн газраас байгуулсан “Гадаадын хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах асуудлаар санал, дүгнэлт, гаргах үүрэг бүхий Ажлын хэсэг”-ийг 2021 оноос ахалж ажилласан.
Энэ хугацаанд Монгол Улсад хөрөнгө оруулж хохирсон олон хүн уг Ажлын хэсэгт ханджээ. Ажлын хэсэг асуудал бүрийг судалж, хуулийн байгууллагад шилжүүлэн ажиллаж байна.
Хамгийн сүүлд, Монгол Улсын анхны хөрөнгө оруулагчдын нэг болох Канад улсын иргэн Арманд Бодуэны хүү Даниэль Бодуэн Х.Нямбаатар сайдад ханджээ. Түүний эцэг Арманд Бодуэн 1997 онд “Бармаш” ХК-ийн 1 сая хувьцааг худалдан авч, улмаар хүү, найзаасаа гадна Монгол Улсын иргэн Ч.Хажидсүрэн, нөхөр Г.Ганбаатар нарт итгэн хувьцаа эзэмшүүлжээ. 1999 онд түүнийг нас барсны дараагаар Ч.Хажидсүрэн нар хэсэг хүнтэй нийлэн бичиг баримт хуурамчаар үйлдэн бүх хөрөнгийг нь завшсан асуудлыг шалгаж, хохирол барагдуулж өгөхийг Даниэл Бодуэн хүслээ.
ХЗДХ-ийн сайд Х.Нямбаатар:
Хохирогчид хуулийн байгууллагад хандсан бөгөөд бүгдийг хуулийн дагуу шийдвэрлэх учиртай. Монгол Улсад ирсэн хөрөнгө оруулагчдыг тонон дээрэмддэг, айлгаж үргээдэг байж болохгүй. Гадны хөрөнгө оруулалт, хамтын ажиллагаагүйгээр хөгжсөн улс байхгүй тул энэ мэт хууль бус үйлдлийг өөгшүүлж болохгүй.