Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк нь хадгаламж татахгүй, томоохон төслүүдэд хөрөнгө оруулалт хийнэ
2023.06.26

Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк нь хадгаламж татахгүй, томоохон төслүүдэд хөрөнгө оруулалт хийнэ

2016 онд өргөн барьсан “Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль”-ийг УИХ-ын энэ намрын чуулганаар хэлэлцэн, эцэслэн баталлаа. Б.Жавхлан нарын 18 гишүүн өргөн мэдүүлсэн уг хууль “Хөрөнгө оруулалтын банкны тухай хууль” нэртэйгээр анх УИХ-д орж ирсэн ч олон он дамжсаар өдийг хүрсэн. 

Ингээд “Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хууль” нэртэйгээр батлагдаж, 2023 оны гуравдугаар сарын 01-ний өдрөөс мөрдөгдөж эхлээд байна. Энэ хуулийн талаар МХХ-ны гишүүн Хуульч, Ариг банкны Хуулийн зөвлөх М.Сонинцэцэгтэй ярилцлаа.


-Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны тухай хуулийг баталлаа. Банкны салбарт ажиллаж буй хуульч хүний үүднээс эл хуулийг хэрхэн харж байна вэ? Уг хуулийг батлах, хэрэгжүүлэх шаардлага байсан уу? 

2016 онд анх хууль санаачлагчаас эл хуулийн төслийг өргөн барьж, УИХ-аар хэлэлцүүлж эхэлсэн. Үүнээс хойш бүтэн 7 жилийн судалгаа, шинжилгээ, эрэлт хэрэгцээний үндсэн дээр 2023 оны нэгдүгээр сард баталж, гуравдугаар сарын 01-ний өдрөөс эхлэн хүчин төгөлдөр хэрэгжиж эхлээд байна. Банкны салбарт ажиллаж буй хуульч хүний хувьд тус хуулийг дэвшилттэй, одоогийн манай улсын нөхцөлд хэрэгжих бүрэн боломжтой гэж үзэж байгаа юм.

Хуулийн зохицуулалтаар хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк нь дотоодын арилжааны банктай өрсөлдөх практик үүсгэхгүй гэж харж байгаа. Учир нь Монголбанкнаас зөвшөөрөл олгосны үндсэн дээр үйл ажиллагаа явуулна.

Мөн арилжааны банкнаас ялгаатай хэд хэдэн зүйл бий. Нэгдүгээрт хадгаламж татахгүй. Хадгаламж татахгүй учраас зах зээл дээр иргэд, хуулийн этгээдийн мөнгөн хөрөнгийг төвлөрүүлэхгүй. Анх байгуулагдахдаа л өндөр хувь нийлүүлсэн өөрийн хөрөнгөтэй байна. Тодруулбал анхны хуулийн төсөлд хувь нийлүүлсэн хөрөнгийн хэмжээг 500 тэрбум төгрөгөөр  тогтооно гэж оруулсан байсан. 

Харин одоо батлагдсанаар Хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны хувь нийлүүлсэн хөрөнгийн доод хэмжээг үндэсний эдийн засгийн аюулгүй байдал, эдийн засгийн байдал, гадаадын хөрөнгө оруулалтын түвшин, улсын төлбөрийн тэнцлийн үзүүлэлт, төгрөгийн ханшийн өөрчлөлт, банкны төлбөрийн чадвар, хөрөнгө оруулалтын төрөлжсөн банкны эрхлэх үйл ажиллагааны онцлог, банкны салбар дахь төслийн санхүүжилтийн хэмжээ, шаардлагатай бусад хүчин зүйлсийг харгалзан Монголбанк тогтооно гэж заасан. Тэгэхээр арилжааны банкны актив болон өөрийн хөрөнгөөс хамаагүй илүү байна гэж харж буй.

-Хөрөнгө оруулалт татах шаардлагатай төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлэхэд хөрөнгө оруулалтын банк хэрэгтэй гэж хууль санаачлагч үзсэн шүү дээ. Энэ талаар тодруулж өгнө үү? 

Арилжааны банкууд өндөр дүнтэй төсөл, хөтөлбөрт төдийлөн зээл гаргах боломжгүй байдаг. Тэгвэл хөрөнгө оруулалтын төрөлжсөн банк нь Монгол Улсын томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх хуулийн этгээдэд л зээл олгож, хадгаламж татахаас бусад үйлчилгээг үзүүлнэ.

Ингэж төсөл хөтөлбөрүүд хэрэгжснээр ажлын байр, боловсон хүчин,  нэмэгдэж, валютын урсгал болон бусад хүчин зүйл сайжирна. Мэдээж 100% төгс хууль гэж байхгүй. Энэ хууль батлагдаад удаагүй, практикт бүрэн хэрэгжиж эхэлсэн жишээ одоохондоо гараагүй учраас асуудлууд тулгарна. Үүнийг шийдэх арга зам болон хуулиар зохицуулаагүй бусад харилцааг Монголбанк болон Санхүүгийн зохицуулах хорооны хамтран боловсруулсан дагалдан гарах журмаар зохицуулна.

Түүнчлэн банкны тогтолцоонд шинэ тогтолцоо орж ирж буй учраас арилжааны банкуудын хөгжил, дэвшилд өрсөлдөхүйц сайнаар нөлөөлж банкны салбарын бүтээгдэхүүн үйлчилгээ илүү сайжрах юм. 

Ийнхүү эдийн засаг тэлж, хөрөнгө оруулалт татах шаардлагатай томоохон төсөл хөтөлбөрүүд нэмэгдсэн учраас Монгол Улсад гадаадын хөрөнгө оруулалтын банк хэрэгтэй гэж үзэж энэхүү хуулийн төслийг санаачлан батлуулсан юм. 

Ингэхдээ гадаадын банкыг зөвхөн хөрөнгө оруулалтын чиглэлээр дотоодын зах зээлд нэвтрэхийг зөвшөөрч, шаардлагатай зээлийг гагцхүү хуулийн этгээдэд олгох, гадаад дотоодын төлбөр тооцоог гүйцэтгэх, зээлийн баталгаа, батлан даалт гаргах, үнэт цаас худалдах, худалдан авахыг зөвшөөрсөн эрх зүйн орчныг бүрдүүлсэн юм.