БАНКУУД КОМПАНИЙН ХЭЛБЭРЭЭ ӨӨРЧЛӨӨД ЗОГСОХГҮЙ, ЗАСАГЛАЛ, ТАЙЛАГНАЛ, ЭРСДЭЛИЙН УДИРДЛАГАА САЙЖРУУЛАХ ХЭРЭГТЭЙ
Монгол Улсын санхүүгийн зах зээл банк, хөрөнгийн бирж, даатгал гэсэн гурван том баганатай. Энэхүү гурван баганын нэг болох банкны салбарыг хувьцаат компанийн системд шилжүүлж, олон нийтийн болгох боломжийг 2021.01.28-нд УИХ-аас “Банкны тухай хууль”-д өөрчлөлт оруулснаар олгосон.
Банкууд хувьцаат компанийн хэлбэртэй болсон нь цаашид банкны салбар томрон хөгжих, ил тод нээлттэй, тогтвортой ажиллах эрх зүйн орчинг боловсронгуй болгосон шинэтгэл гэж хэлж болно. Гэхдээ банкууд ганцхан компанийн хэлбэрээ өөрчлөөд зогсохгүй, цаашид засаглал, тайлагнал, эрсдэлийн удирдлагаа сайжруулах, технологийн шинэчлэлийг хоцролгүй нэвтрүүлэх, бүтээгдэхүүн үйлчилгээгээ тасралтгүй сайжруулахаас гадна макро эдийн засгийн тогтвортой байдал, бизнесийн тааламжтай орчин зэрэг нь салбарын хөгжил дэвшилд томоохон нөлөөтэй байх болно.
"IPO хийснээр банкуудын хувьцаа эзэмшлийн төвлөрөл шууд буурахгүй бөгөөд харин хувьцаа нь олон нийтэд чөлөөтэй арилжаалагдах боломжтой боллоо. Үүгээр хувьцаа эзэмшлийн төвлөрөл буурах эхний нөхцөл бүрдэх боловч шат дараатай, зах зээлийн нөхцөл байдалд нийцсэн арга хэмжээнүүдээс бүрдсэн тодорхой бодлого, төлөвлөгөө боловсруулж хэрэгжүүлэх шаардлагатай байна."
З.ШАГДАРСҮРЭН МОНГОЛЫН БАНКНЫ ХОЛБООНЫ ЗӨВЛӨХ
Банкны гэлтгүй ер нь хөрөнгийн зах зээлийн хөгжилд урт хугацаанд, тогтвортой хөрөнгө оруулах институциональ хөрөнгө оруулагчид чухал үүрэг гүйцэтгэдэг. Тухайлбал, хөрөнгө оруулалтын сангууд, тэтгэвэрийн болон даатгалын сангууд, баялгийн сан зэрэг хөрөнгийн удирдлагын мэргэжлийн бүтцүүд, холбогдох боловсон хүчний нөөц бий болж, хөгжиж дэвжих шаардлагатай байна. Мэргэжлийн хөрөнгө оруулагчдын хувьд үнэт цаас гаргагчдын засаглал, тайлагнал, удирдлагын чадавхийг мэргэжлийн үүднээс үнэлэн хөрөнгө оруулалтын шийдвэрээ гаргах, түүнээс улбаалан үнэт цаасны үнэ зүй зохистой тогтох, урт хугацааны үнэ цэн бүтээх тогтвортой процессыг дэмжих зэрэг олон давуу талтай.
Мэдээж банкууд хувьцаагаа нийтэд санал болгосноор хөрөнгийн зах зээл идэвхжиж, эдийн засагт гүйцэтгэх үүрэг, ач холбогдол нь ч өсөн нэмэгдэж байна. Гэхдээ зах зээлийн хэмжээ томроод зогсохгүй хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах хууль эрх зүйн орчин, мэдээллийн ил тод, тэнцвэртэй байдлыг хангах асуудлыг нэгэн зэрэг анхаарах нь зүйтэй. Түүнээс гадна иргэдийн санхүүгийн боловсролыг дээшлүүлэх, институциональ хөрөнгө оруулагчдын зах зээлд гүйцэтгэх үүргийг нэмэгдүүлэх зэрэг асуудлуудыг дурдах хэрэгтэй.
Цаашид банкуудын хөрөнгийн хэмжээ, ашиг орлого өсөхийн хэрээр гадаад улсын биржүүдэд давхар хувьцаагаа гаргах, бонд гаргах боломжууд нэмэгдэнэ гэдэгт эргэлзэхгүй байна. Мөн гаднаас санхүүжилт татахад ногоон болон тогтвортой санхүүгийн зарчмуудыг нэвтрүүлж хэрэгжүүлэх, ногоон зээлийн багцаа нэмэгдүүлэх, ногоон бүтээгдэхүүн, үйлчилгээний төрлийг олшруулах нь илүү их боломжийг нээж өгөх хандлагатай байна. Дээр нь манай улсын зохицуулалтын орчин, макро эдийн засгийн тогтвортой байдал чухал нөлөө үзүүлэх юм.
Сэтгүүлч
Редактор Ц.Соёлмаа soko@vip76.mn