Гадаадын хөрөнгө оруулалт сүүлийн жилүүдэд багассан. Шинэ сэргэлтийн бодлогын хүрээнд хөрөнгө оруулалт сэргэх хандлага ажиглагдаж байгаа юу?
Засгийн газар бодлогоо сайн тодорхойлж, хэрхэн хөрөнгө оруулалт болон хөрөнгө оруулагч нарыг дэмжих вэ гэдгээ гарган танилцуулах шаардлагатай. Бид одоогоор валютын нөөцийн хомсдолд орсон, хил, гааль хаалттай гэх мэт олон бэрхшээлүүд бий. Түүнчлэн манай улсын зээлжих зэрэглэл сайнгүй байгаа. Энэ нөхцөл байдлаас шалтгаалан яг одоо Монголд хөрөнгө оруулна гэдэг хүндрэлтэй.
Шинэ сэргэлтийн бодлогын үр дүнг хэрхэн харж байгаа вэ?
Шинэ сэргэлтийн бодлогын хувьд эдийн засагт тулгараад байгаа төрийн бүтээмж, чадамжийн асуудал байна гэж зөв тодорхойлсон. Гэхдээ төрд түшиглэсэн хувийн өмчийн эдийн засаг, хувийн хэвшилд тулгуурлаагүй төслүүд байна. Ялангуяа төр өөрөө тодорхой тооны төслүүдийг хийе гэсэн. Үүнд 94 төсөл бий. Саяхан манай танхимаас Шинэ сэргэлтийн бодлогын талаар зохион байгуулсан хурлын үеэр энэ 94 төсөл хэрэгжих боломжгүй гэж дүгнэсэн. Богино хугацаандаа буюу 2024 он хүртэлх хугацаанд хэрэгжүүлэх боломжтой 5-10 төсөл дээр төр хувийн хэвшилтэйгээ хамтраад ажиллавал үр дүн гарна. Санхүүжилтийн хувьд тодорхой биш байна.
Бид гадны хөрөнгө оруулалтыг татахын тулд аль нэг салбараараа дагнах уу эсвэл боломжтой төслүүд юу байж болох вэ?
Бид хөрөнгө оруулалт татахад хувийн хэвшлийн ТЭЗҮ нь бэлэн болсон төслүүд нилээн байна. Уул уурхайн салбар дээр алтны болон бусад шинэ ордуудын асуудлууд бий. Тухайлбал, “Эрдэнэ ресурс” компани. Хөрөнгийн бирж дээр өөрийн хувьцаагаа гаргасан. Ийм төслүүдээ илүү их дэмжих хэрэгтэй.
БОЛОМЖУУДАА АШИГЛАЖ ЭДИЙН ЗАСГИЙН ЦУСНЫ ЭРГЭЛТЭЭ САЙЖРУУЛАХ ХЭРЭГТЭЙ
Мөн санхүүгийн салбарт АНУ-ын 2 төрийн байгууллагын санхүүжилтийн боломжууд байна. Бага хүүтэй, урт хугацааны зээлүүд. Ди Эф Си /DFC-Development Finance Corporation/ гэж олон улсын хөгжлийн санхүүгийн корпораци байдаг. Энэ байгууллагаас урт хугацааны бага хүүтэй зээлүүдийг арилжааны банкуудаар дамжуулан хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүддээ олгох боломж манай төр засагт байна. Америкийн EXIM Bank экспорт, импортын банк гэж бий. Хөрөнгө санхүү хэцүү байгаа энэ үед тус банк бага хүүтэй, урт хугацааны зээл олгодог. Иймэрхүү боломжуудаа ашиглаж, Засгийн газар эдийн засгийнхаа цусны эргэлтээ сайжруулах хэрэгтэй.
“АмЧам-Монгол” ТББ-ын Бодлого хариуцсан захирал Г.Жавхлантөгс
Монгол Улсад тулгамдаж буй томоохон асуудлын нэг Засгийн газрын өр. Үүнийг багасгах ямар боломж байна ?
Монгол Улсын өр жилээс жилд нэмэгдээд л байна. 2023 оны хөгжлийн чиг хандлага Улсын их хурлаар батлагдлаа. 2021 оны байдлаар дотоодын нийт бүтээгдэхүүний 50.1% нь өр болсон. Энэ бол маш өндөр үзүүлэлт. Олон Улсын Валютын Сангийн судалгаагаар манай улс өртэй орнуудын тоонд дээгүүр жагсаж байна.
Өнгөрсөн жил жижиг дунд үйлдвэрлэлд хөнгөлттэй зээл өгсөн. Үр дүн гарсан уу?
Энэ зээлийг хэрэгцээтэй байсан зарим компаниуд авч чадаагүй, нэг үгээр бол хэрэгтэй хүмүүстээ хүрээгүй. Тэгэхээр ямар газар зээл очсон бэ гэдэг дээр судалгаа, тайлан үзэх хэрэгтэй. Зээл авах ёстой газрууд нь авсан уу гэдэг эргэлзээтэй байгаа юм. Урин дулаан болоод уул уурхай, зам барилгаас эхлээд бүх салбарууд маань хөдөлж эхэлж байгаа цагт валютын нөөцийн хомсдолд орсон, санхүүгийн нөөц нь хумигдсан байдалтай байна.
БИЗНЕСИЙН ҮЙЛ АЖИЛЛАГАА ХҮНД СУРТАЛ ДАРАМТГҮЙГЭЭР ЯВУУЛАХ БОЛОМЖ БҮРДЭЖ БАЙЖ ЭДИЙН ЗАСАГ СЭРГЭНЭ
Бид нар Шинэ сэргэлтийн бодлогоор “Таван толгой”, “Оюутолгой” зэрэг томоохон төслүүд хэрэгжсэнээр эдийн засаг сэргэнэ гэж яриад байгаа. Том төслүүдээ дагаад жижиг бизнесүүд хөгжих нь зөв. Гэхдээ зөвхөн том төслүүд хөдөлж байж эдийн засаг сэргэнэ гэдэг худлаа. Өнөөдөр гадаа гудамжинд ТҮЦ ажиллуулж байгаа хүн, гутал зараад зогсож байгаа хүн, өөрийн гэсэн дэлгүүртэй тэр хүмүүс бизнесийн үйл ажиллагаагаа хүнд суртал дарамтгүйгээр явуулах боломжтой болж байж эдийн засаг сэргэнэ. Тэр чинээгээр ажлын байр нэмэгдэнэ.
Өнөөдөр шүүх дээр татварын маргааны асуудалтай олон компаниуд байна. Цар тахлын улмаас татварын асуудлууд нь сөхөгдсөн, маргаан нь шийдэгдээгүй, маргаан нь шийдэгдэхийн тулд удаан үргэлжилдэг зардал өндөртэй. Нөхцөл байдал ийм хүнд байхад хөрөнгө оруулагчид ирэх үү?
Магадгүй тусдаа хөрөнгө оруулалтын, бизнесийн татварын маргаанд зориулсан тусдаа шүүхийг байгуулж, татварын маргааны асуудлуудыг хурдан, шударгаар шийддэг байх хэрэгтэй. Асуудал нь шийдэгдээгүй, цаг хугацаа алдаж байгаа олон асуудал байна.
Гадны хөрөнгө оруулагчид Монгол Улсад хөрөнгө оруулалт хийхгүй байгаа ямар ямар шалтгаан байна?
Бид нар “Рио Тинто”, “Оюутолгой” хоёр ойлголцчихлоо та нар орж ирээд хөрөнгөө оруул гэдэг. Хөрөнгөө оруулахаар ямар нэгэн байдлаар хураагаад эсвэл өмчлөөд авдаг, эргээд хөрөнгөө гаргаж авч чаддаггүй нөхцөл байдалд хүрдэг. Энэ нь дараагийн хөрөнгө оруулалтыг үргээдэг, муу үр дагавартай. Тийм учраас Засгийн газар пи ар хийгээд явахаасаа илүүтэй гэрийн даалгавараа буюу гэрээ сайн цэвэрлэмээр байна. Дээр дурдсанчлан авлига, хээл, хахуулийн асуудлаа хурдан шийддэг, хүнд суртлын асуудлуудаа цэгцлэх хэрэгтэй. Монгол Улс далайд гарцгүй орон. Бүх юм нь хоёр хөршөөрөө дамждаг, ложистикийн хувьд хүнд, өрсөлдөөний орчинд бизнес, хөрөнгө оруулалтын орчноо садаа, бэрхшээл, хүнд суртал багатай байлгамаар байна.
Гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхэд 100 мянган ам. долларын босго тавьдаг. 90 мянган ам. доллар оруулж ирвэл гадаадын хөрөнгө оруулалтад тооцогдохгүй нөхцөлтэй. 90, 10 мянга ч байсан, нэг хоёр ч гэсэн ажлын байр нэмж байгаа хүмүүст боломжийг нь нээж өгөх нь зөв. Сингапурт хөрөнгө оруулах уу, Монголд хөрөнгө оруулах уу гэвэл Сингапурт л хөрөнгө оруулна. Яагаад гэвэл бүх юм нь тодорхой, хүнд суртал, саад тотгоргүй. Мөн байгаль, цаг уурын таатай нөхцөлтэй.
Гэтэл өнөөдөр “Ашигт малтмалын тухай хууль, “Хөрөнгө оруулалтын тухай хууль”-д нэмэлт, өөрчлөлт оруулна гээд яг аль хэсэгт ямар өөрчлөлт оруулах гээд байгаа нь тодорхойгүй байна. Цаашдаа хөрөнгө оруулалт татъя гэвэл татварын орчноо сайжруулах шаардлагатай. Яагаад гэвэл хөрөнгө оруулагч нар Монголд орж ирэхдээ татварын орчин буюу хөрөнгө оруулахад ашигтай байна уу, үгүй юу гэдгийг хардаг.
Монголын татварын орчин бизнес эрхлэгч нарт хүнд тусдаг, үүнийг өөрчлөх ямар боломж байна?
Татварын бодлогоор хөрөнгө оруулалт болон гарааны шинэ бизнесүүдийг дэмжих хэрэгтэй. Нэг тодорхой жишээ хэлье. “Хувьцаа шилжүүлсэний татвар” гэж бий. Энэ татвар Монгол улсад өнөөдөр 20%-тай оногдсон. Энэ нь Татварын хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлт буюу багц өөрчлөлтөөр орж ирсэн. Энд ямар асуудал байна гэхээр хувьцаа шилжүүлсний татварыг хувьцаа зарсан орлого дээр нь оноодог. Олон улсын жишгээр хувьцаа зарсан ашгаас буюу ашиг дээр нь “withholding tax”-ыг “capital gain” дээр нь олгодог болохоос биш “revenue” дээр нь олгодоггүй. Манайд ийм тогтолцоо байхгүй.
Өнөөдөр бизнесүүдэд тулгарч байгаа том асуудал бол Эрээн, Тяньжин дээр маш их хэмжээний бараа гацчихсан. Гарч байгаа экспортын бараа нь цөөхөн. Эрээний засаг захиргаа манай улсын ямар бараа орж ирэхийг сугалаагаар шийдээд байна шүү дээ. Саяхан Эрээн дэр том авлига, хээл, хахуулийн асуудал сөхөгдлөө. Монгол Хятадын удирдлагууд хоорондоо хуйвалдаад өөрсдийн танил тал, хэн түрүүлж мөнгө өгсөн тэрэнд барааг нь гаргаж өгч нааш нь нэвтрүүлээд байсныг нь Хятадын тал мэдсэнээр хурдан арга хэмжээ авч, хариуцлага тооцож байна. Манай улс байхгүй. Нөгөө л бахь байдгаараа.
ЗАСГИЙН ГАЗАР НЬ АРД ИРГЭДИЙНХЭЭ ТАЛХНААС ЗУЛГААГААД БАЙЖ БОЛОХГҮЙ
Засгийн газар гуравхан компанийг сонгоод ачаа бараагаа зөөгөөд байх биш хувийн хэвшилдээ боломжийг нь өгөх ёстой. Засгийн газар нь ард иргэдийнхээ талхнаас зулгаагаад байж болохгүй. Хөрөнгө оруулалтаа татаад гадаадын компануудтай хамтарсан тээвэр зууч хийх гэх мэт маш олон боломжууд байна. ОХУ-ын ачаануудыг Европ руу явахыг хориглочихсон. Гэрээ байгуулаад Монгол жолооч нараа явуулах, Монгол тээвэр зуучийн компаниудыг Европын зэх зээл рүү гаргах боломжийг нээж өгөх хэрэгтэй.
Төрийн өмчийн 100 гаруй хувьцаат компани байдаг. Эдгээр компаниудыг бүгдийг нь хувьчилах нь зөв үү?
Бүгдийг хувьчилна гэж байхгүй байх. Гэхдээ боломж байвал олон нийтийн болгох хэрэгтэй. Хөгжлийн банк, ЖДҮ-ийн жишээг бүгд мэдэж байгаа шүү дээ. Хяналтгүй байгаа компаниудыг олон нийтийн хяналтад оруулах хэрэгтэй.