ФЭС-ийн Монгол дахь суурин төлөөлөгч МҮЭХ-ны удирдлагуудтай уулзлаа
2021.09.07

ФЭС-ийн Монгол дахь суурин төлөөлөгч МҮЭХ-ны удирдлагуудтай уулзлаа

Фридрих Эбертийн Сангийн Монгол дахь суурин төлөөлөгчөөр шинээр томилогдсон төлөөлөгч МҮЭХ-ны удирдлагуудтай ажил хэргийн уулзалт зохион байгууллаа. 

Уулзалтын эхэнд МҮЭХ-ны Ерөнхийлөгч Х.Амгаланбаатар “МҮЭ-ийн холбоо, Фридрих Эбертийн Сантай олон чиглэлээр үр дүнтэй хамтарч ирсэн. Үүний нэг нь зарим салбарт тарифын хэлэлцээрийг нутагшуулахад та бүхний дэмжлэг туслалцаа их байсан.

ҮЭ-д ардчиллыг нэвтрүүлэх, Монгол улс дахь зах зээлийн чөлөөт ардчилсан үзлийг зөв хөгжүүлэхэд ФЭС-гаас дэмжлэг үзүүлж, хамтарсан сургалт, сурталчилгаа, уулзалтыг өргөнөөр зохион байгуулж ирсэн. Мөн МҮЭ-ийн хөдөлгөөнд Залуучууд, эмэгтэйчүүдийн оролцоог хангах, гишүүнчлэлийг нэмэгдүүлэх, ҮЭ-ийн дотоод зохион байгуулалтыг бэхжүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулсан чухал байгууллага.

Олон жилийн үр дүнтэй хамтын ажиллагаа таныг Монгол улсад ажиллах хугацаанд улам өргөжиж, харилцаа ойртоно гэдэгт итгэлтэй байна” гэлээ.

Монгол дахь ФЭС-ийн суурин төлөөлөгч Бенедикт Ивановс Монгол улсад ажиллах хугацаанд хоёр байгууллагын хамтын ажиллагааг үр дүнтэй үргэлжлүүлэхээ мэдэгдээд, "ФЭС олон оронд үйл ажиллагаа явуулдаг. Таны хэлсэнчлэн Залуучууд, эмэгтэйчүүдийн оролцоог хангах, ҮЭ-ийн идэвхтэн сонгуультнуудыг шинэ зүйлийг хурдтай нэвтрүүлэх чадварт сургах, платормд суурилсан ажил үйчилгээ нэвтрүүлэх зэрэг ажлууд байна.

Ковидын үеийн хөдөлмөр эрхлэлт, дараа нь гарах сөрөг дагаврууд олон байгаа учир эдгээрийг шийдэхэд хоёр байгууллагын хамтын ажиллагаа чухал. Энэ бүхэнд дэмжлэг болон ажиллах болно" гэсэн юм.

ХАБЭА-н лавлах толь, стратегийн асуудлаар оны сүүлд дахин уулзалт зохион байгуулахаар товлосноор уулзалт өндөрлөлөө.