2021.09.28
Н.Учрал: Сэргийлж чадах ганц гамшиг нь түймэр
Энэ талаар Н.Учрал гишүүн өөрийн цахим хуудаснаа дараах мэдээллийг бичиж оруулжээ.
Таныг нэг алхахад түймэр хоёр алхаж, 1 секундэд 360 градусаар 2 метрт тархан урагшилдаг. Нэгэнт ассан галыг зогсоох боломжгүй. Ялангуяа хуурай өвс, навчаар дамжин ойн түймэр илүү хурдтай давшилдаг. Тиймээс оч байсан ч очиж шалгадаг, дөл байсан ч унтраах сэтгэлтэй байх хэрэгтэй. Эх орондоо, газар шороондоо хайртай иргэн хүн бүрийн үүрэг юм шүү дээ. Манай улсын газар нутгийн ердөө найман хувь нь л ой модтой гэж тооцдог бөгөөд энэ тоо жил бүр түймрийн шалтгаантайгаар тодорхой хэмжээгээр багасч байна. Энэ онд гэхэд л 122 мянга гаруй га талбай түймэрт өртөн шатжээ. Сэргийлж болох ганц гамшиг нь ТҮЙМЭР гэж үздэг атал түймрийн нийт тохиолдлын 90 хувь нь хүний буруугаас, хүний санамсар болгоомжгүй үйлдлээс үүддэг.
Хашааны шар өвсөө шатааж байна гээд ойгоо түймэрдчихсэн, араас нь халаглаж харамсаад барахгүй гашуун түүх маш олон тохиолдсон. Тийм учраас хүн бүр эх дэлхий, эх орон, байгаль дэлхийдээ хүндэтгэлтэй хандаж асаасан шүдэнз, үүсгэсэн оч бүртээ эзэн болж, хариуцлагатай байхыг уриалмаар байна. Тамхи асаах гээд ойгоо шатаачихаад байж болохгүй ээ. Намрын ид хуурайшилтын үед үргэлжилж байгаа эдгээр өдрүүдэд түймэр гарах төгс нөхцөл бүрдчихээд байна. Гагцхүү та бидний ганцхан болгоомжгүй үйлдэл нэмэгдэхэд түймэр гарах эрсдэлтэй юм. Бүгд анхаар! Алдсан л бол галдах аюултай. “Алдвал галдана” аяныг хүн бүр дэмжиж бусдадаа сэрэмжлүүлээрэй.
хэмээн бичсэн байна.
Сэтгүүлч
Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn