С.Чинзориг: Төв аймгийн Зуунмодод ажиллалаа
2021.09.29

С.Чинзориг: Төв аймгийн Зуунмодод ажиллалаа

УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооноос байгуулагдсан Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай хууль, Эрүүл мэндийн даатгалын тухай хууль, Эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий ажлын хэсэг өнөөдөр Төв аймагт ажиллаж, тус аймгийн Эрүүл мэндийн газар, Нэгдсэн эмнэлэг болон сумдын эрүүл мэндийн төвийнхөнтэй уулзалт хийлээ.

Ажлын хэсгийнхэнд тус аймгийн эрүүл мэндийн салбарт хэрэгжсэн хөрөнгө оруулалтын ажил, 2022-2024 онд хийгдэх ажлуудын хөрөнгө оруулалтын төсөөлөл, цалин хөлс, урамшууллын өсөлт, эрүүл мэндийн үндсэн үзүүлэлтүүд буюу халдварт өвчин, төрөлт, эх, хүүхдийн эндэгдэл, нас баралт, анхан болон лавлагаа шатны тусламж, үйлчилгээ, “Ковид-19”-ийн хариу арга хэмжээний талаар холбогдох албаныхан мэдээлэл өгөхийн хамт тулгамдаж буй асуудлаа ч танилцуулсан.

Аймгийн Нэгдсэн эмнэлгийг өргөтгөх, Оношлогооны нэгдсэн төвтэй болох зайлшгүй шаардлага байгаа аж. Түүнчлэн Нийгмийн эрүүл мэндийн төв, Зоонозын өвчин судлалын төв байгуулахад хөрөнгө санхүүжилтийн асуудлыг шийдвэрлүүлэхэд дэмжлэг хэрэгтэй байгааг ярьж байлаа. Төв аймгийн хувьд Ковид-19 цар тахлын тархалт өндөртэй байгаа газрын нэг. Нийтдээ 8336 халдварын тохиолдол бүртгэгдсэн. Өнөөдрийн байдлаар 1510 хүн эмчлүүлж байгаа. Вакцины бүрэн тунд хамрагдвал зохих хүмүүсийн 82 хувь нь хамрагдсан үзүүлэлттэй байгаа аж.

УИХ-ын өнгөрсөн оны наймдугаар сард болсон ээлжит бус чуулганаар Эрүүл мэндийн тухай, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулсан. Эдгээр хуулийн өөрчлөлтөөр бүх төрлийн тусламж, үйлчилгээг Эрүүл мэндийн даатгалын сангаас санхүүжүүлдэг болсноор эмнэлгүүдийн хооронд чөлөөт өрсөлдөөн бий болж, өмчлөлийн хэлбэр харгалзахгүйгээр иргэдэд үзүүлсэн эмнэлгийн тусламж, үйлчилгээний чанар, үр дүн буюу гүйцэтгэлээр нь санхүүжүүлэх тогтолцоонд шилжээд байгаагийн давуу болон сул талын талаар уулзалтад оролцсон хүмүүсээс гадна мусдын Эрүүл мэндийн төвийн удирдлагууд цахимаар саналаа хэлсэн.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn