Б.Энх-Амгалан: Говь-Алтай аймгийг ОХУ-ын Новосибирск хоттой хамтын ажиллагаатай болгоно
2021.10.05

Б.Энх-Амгалан: Говь-Алтай аймгийг ОХУ-ын Новосибирск хоттой хамтын ажиллагаатай болгоно

УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан өнгөрсөн өдрүүдэд Говь-Алтай аймагт ажилласан талаараа мэдээллээ. Тодруулбал,

“ОЛОН УЛСЫН ТӨСӨЛ, ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛЭХ СУРГУУЛЬ” ЗАРЛАГДАВ

Говь-Алтай аймгийн боловсролын салбарын чанар хүртээмжийг сайжруулах, багш сурган хүмүүжүүлэгчид, салбарын ажилтан албан хаагчид, сурагчдын сурах боловсрох, ажиллах нөхцөл, сургалтын чанарыг дээшлүүлэх үүднээс Алтай хотын Хоёрдугаар сургуулийг “Олон Улсын хөтөлбөр” хэрэгжүүлэх сургууль болгохоор шийдвэрлэснийг БШУЯ-аас олимпиадын үеэр зарлалаа.

“ЛИНГАФОНЫ ТАНХИМ” -ТАЙ БОЛНО

Алтай хотын 2-р сургууль Орос хэлний төвтэй болсонтой холбогдуулан Лингафоны танхимд иж бүрэн тоног төхөөрөмжийг БШУЯ-аас олгохоор болсныг тус яамны газрын дарга зарлав. Мөн ийм “Лингафоны танхим”-ийг иж бүрэн тоног төхөөрөмжийн хамт Говь-Алтай аймгийн Тайшир сумын ЕБС-д гардуулах болсноо ОСШУТ-ийн захирал А.Р.Базархандаев онцлон тэмдэглэв. Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн Б.Энх-Амгалан төрөлх сургуулийнхаа тусгай хэрэгцээ хүүхдийн сургалтын танхим, ариун цэврийн өрөөг тохижуулахад хувиасаа хоёр сая төгрөгийн тусламж үзүүллээ.

ХӨРӨНГӨ ОРУУЛАЛТЫН БАТЛАМЖ ГАРДУУЛЛАА

БШУЯ-аас хэрэгжүүлж буй төсөл хөтөлбөрийн хүрээнд арга хэмжээнд оролцсон БШУЯ-ны Бага, дунд боловсролын газрын дарга Т.Ням-Очир, СӨБ-ын газрын дарга Ж.Мягмар, Гадаад харилцаа, хамтын ажиллагааны газрын дарга Д.Гарди нар Говь-Алтай аймгийн төвийн болон сумдын нийт 28 сургууль, цэцэрлэгүүдэд нийтдээ 150 сая төгрөгийн үнэ өртөг бүхий хөрөнгө оруулалтын батламж гардуулан өгөв.

ОРОС ХЭЛНИЙ БАРУУН БҮС ДЭХ ТӨВИЙГ НЭЭЛЭЭ

Ч.Лодойдамбын нэрэмжит Говь-Алтай аймгийн 10 жилийн 2-р сургуулийн төгсөгч УИХ-ын гишүүн, УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга Б.Энх-Амгалангийн санаачилгаар зохион байгуулагдсан Баруун бүсийн аймгуудын ЕБС-ийн багш сурагчдын дунд явуулсан “ОРОС ХЭЛНИЙ ОЛИМПИАД”-ын хүрээнд Оросын Соёл, Шинжлэх Ухааны төвийн дэргэдэх “Орос хэлний төв”-ийг төрөлх сургуульдаа байгууллаа. Цаашид ЗХУ-ын тусламжаар баригдсан Ерөнхий боловсролын лаборатори Нэгдүгээр сургуульд мөн “Орос хэлний төв” нээх талаар судлах юм.

ХАМТЫН АЖИЛЛАГААТАЙ БОЛОХ СУУРЬ ТАВИГДЛАА

Оросын Соёл, Шинжлэх Ухааны төвөөс Алтайд шинээр нээгдсэн “Орос хэлний төв”-д 3500 ам.долларын өртөг бүхий сурах бичиг, сургалтын материал гарын авлага, орос хэлний үзүүлэн самбар, Оросын сонгодог уран зохиолын дээжис, Орос, Зөвлөлтийн шилдэг зохиолчдын ном зохиолоос гардуулан өглөө.

Говь-Алтай аймгийг ОХУ-ын Сибирийн төв Новосибирск хоттой хамтын ажиллагаатай (эгч дүүсийн харилцаатай) болгоход, түүнчлэн хоёр орны бүс нутгийн сургуулиудын хооронд шефийн харилцаа тогтоож багш, сурагч солилцооны хөтөлбөрт хамруулж, харилцан туршлага солилцон хамтран ажиллах, ОХУ-ын их дээд сургуулиудад нарийн мэргэжлийн боловсон хүчин бэлтгэхэд бодитой дэмжлэг үзүүлж ажиллахаа ОХУ-ын элчин сайдын яамны зөвлөх, ОСШУТ-ийн захирал, Оросын Хамтын Ажиллагаа Нийгэмлэгийн тэргүүн Амгалан Ринчинович Базархандаев, УИХ дахь Монгол-Оросын парламентын бүлгийн дэд дарга Б.Энх-Амгалан нар илэрхийлэв.