Ц.Бямбажавыг Жанжин штабын даргаар томилуулах саналаа өргөн мэдүүлэв
2009.07.14

Ц.Бямбажавыг Жанжин штабын даргаар томилуулах саналаа өргөн мэдүүлэв

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн найм дахь хэсгийг үндэслэн Зэвсэгт хүчний Жанжин штабын даргын албан тушаалд Ц.Бямбажавыг томилох саналаа УИХ-тай зөвшилцөхөөр ирүүлснийг Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга Д.Дорлигжав УИХ-ын дарга Д.Дэмбэрэлд өнөөдөр өргөн мэдүүлэв.

Цэрэндэжидийн Бямбажав нь 1954 онд Завхан аймгийн Цагаанчулуут суманд төрсөн. 1962-1972 онд Улиастай хотын арван жилийн нэгдүгээр дунд сургууль, 1975-1979 онд ЗХУ-ын Одесса хотын Улсыг агаарын довтолгооноос хамгаалах цэргийн команд инженерийн дээд сургууль, 1987-1990 онд Москва хотын цэрэг-улс төрийн академи төгссөн. Команд штаб, радио техникийн инженер мэргэжилтэй, цэргийн шинжлэх ухааны доктор цолтой.

Тэрбээр Ардын армийн байлдааны тийрэлтэт онгоцны тусгай эскадрилийн ангид онгоцны механик-байлдагчаар ажын гараагаа эхэлж, армийн зенит пуужингийн ангид пуужин шалган турших станцын ахлах техникч, радио техникийн батарей, байлдааны нисдэг тэрэгний тусгай эскадриль, армийн нисэхийн тусгай хорооны захирагчийн орлогч, ангийн намын байгууллагын дарга, армийн Улс төрийн газрын даргын туслах, ахлах мэргэжилтэн, Зэвсэгт хүчний Жанжин штабын бэлэн байдал, дайчилгааны газарт мэргэжилтнээр тус тус ажиллаж байжээ. Улмаар 1996-2000, 2005-2007 онд Зэвсэгт хүчний Улсыг агаарын довтолгооноос хамгаалах цэргийн командлагч, 2004-2005 онд Зэвсэгт хүчний Жанжин штабын орлогч бөгөөд Ар талын газрын дарга, 2007-2008 онд АНУ-ын Төв Командлал дахь эвслийн хүчинд Монголын зэвсэгт хүчний ахлах төлөөлөгчөөр ажиллаж байсан. 2009 оны нэгдүгээр сараас Батлан хамгааалахын их сургуулийн Батлан хамгаалахын удирдлагын академийн захирлаар ажиллаж байгаа аж.

Ц.Бямбажав нь 1997 онд хошууч генерал цол хүртжээ гэж УИХ-ын Хэвлэл мэдээлэл, сурталчилгааны хэлтэс мэдээлэв.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.