С. Чинзориг: Аймаг, сум, өрхийн эмнэлэгүүд санхүүжилт авч чадахгүй байна
НББХ-ны өнөөдрийн /2021.10.19/ хуралдаанаар Эрүүл мэндийн даатгалын сангийн 2021 оны төсвийн тухай, Эрүүл мэндийн даатгалын тухай, Эрүүл мэндийн тухай хууль тогтоомжийн биелэлтийг хянан шалгах, эрүүл мэндийн байгууллагуудын үйл ажиллагаатай танилцах үүрэг бүхий Нийгмийн бодлогын байнгын хорооны ажлын хэсгийн тайлан сонслоо.
УИХ-ын гишүүн С.Чинзориг:
Чухал ажлын хэсэг гаргаж ажилласан гэж эхлээд ойлгосон. Сүүлдээ үндсэн эрүүл мэндийн даатгалын сан, санхүүжилттэй холбоотой асуудлаас тойроод эмч, ажилчдын зан харилцаатай холбоотой асуудлыг хөөцөлдөөд явахаар энэ асуудал шийдэгдэхгүй. Үндсэн эрүүл мэндийн даатгалын санхүүгийн байдал, санхүүжилтын нөхцөл байдал руу анхаарах хэрэгтэй.
Өвөрхангай аймагт ажлын хэсгийн гишүүний хувьд ажиллаад ирсэн. Өвөрхангай аймагт болохгүй байгаа зүйл, болж байгаа зүйл гэсэн нэг ч үсэг тайлан дотор алга байна. Миний бичиж өгсөн тайланг авах зүйл алга гээд оруулаагүй гэсэн үг үү? Эсвэл хараагүй юм уу? Бусад аймаг дүүргийн асуудлууд бичигдсэн байна.
Тайлан дотроо эрүүл мэндийн даатгалын сангийн өнөөгийн байдал, орлого, зарлага ямар байна вэ? гэдэг дүгнэлт оруулах ёстой.
Ковидын нөхцөл байдал улам хүндрээд байгаа. Ковидын тухай хууль 2022 оны нэгдүгээр сарын нэгнээс дуусгавар болно. Ковидын хуулиар энэ санхүүжилтийг даатгалын сангаас хөрөнгө оруулалт хийгээд явж байгаа. Энэ хууль зогсохоор засаг төсвөөс энэ санхүүжилтийг хийгээд явах юм уу? Түүнтэй холбоотой зүйлийг тайландаа оруулах ёстой.
Эрүүл мэндийн даатгалын ан цаашдаа яаж оршин тогтнох юм бэ? 2023 оноос энэ сан 0 үлдэгдэлтэй болно. Сангийн бие даасан байдлыг сайжруулахтай холбоотой дүгнэлт оруулмаар байна. Төр хариуцаж байгаа иргэд буюу ахмад настан, хүүхдүүдийн эрүүл мэндийн даатгалыг ажилтан хүмүүсийнхээс доогуур өгч байгаа. Төр хариуцаж байгаа иргэнийхээ эрүүл мэндийн даатгал шимтгэлийг ажилтан хүний өгч байгаа шимтгэлийн хэмжээ рүү үе шаттайгаар хүргэх дүгнэлт оруулах ёстой.
Эрүүл мэндийн даатгалын сангаас гүйцэтгэлээр санхүүжилт олгоно гэдэг нь болох юм уу? Нэг худалдан авалтын тогтолцоо гэдэг нь болох юм уу? Эсвэл болохгүй юм уу? Үндсэн зүйлдээ анхаарал хандуулмаар байна. Томоохон эмнэлэгүүд санхүүжилтээ авч байна. Аймаг, өрх санхүүжилт авч чадахгүй байна.
Түүний асуултад УИХ-ын гишүүн Д.Батлут хариулав.