УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Хашаандаа сайхан амьдаръя” төслийн үйл явцтай танилцлаа
2021.10.26

УИХ-ын гишүүн С.Бямбацогт “Хашаандаа сайхан амьдаръя” төслийн үйл явцтай танилцлаа

Ховд аймгийн Жаргалант сумын Тахилт багийн иргэн Лхагваа гуайнх “Хашаандаа сайхан амьдаръя” төсөлд хамрагдаж хашаандаа хаустай, халуун хүйтэн, цэвэр бохир устай, гал түлж утаа гаргахгүй, гарч бие засаж хөрс бохирдуулахгүй сайхан амьдарч байна. Уг төслийг санаачлагч УИХ-ын гишүүн С.Бямбацогт тус өрхийн гишүүдтэй уулзаж, санал сэтгэгдлийг нь сонслоо.

С.Бямбацогт “Уг төслийн хүрээнд Бичигт, Баатархайрхан,Тахилт багуудын 1900 айл халуун хүйтэн усанд холбогдох боломжтой болсон. Өнөөдөр төсөлд хамрагдаж, халуун хүйтэн усанд холбогдсон нь 100 гаруй айл байна. Иргэд мэдээлэлгүй, ажил хариуцсан хүмүүс хариуцлагагүй хандаж байгааг Ховд аймгийн театрт хийсэн уулзалтаас мэдсэн. Ийм учраас аймгийн холбогдох дарга нартай уулзаж цэвэр бохир усанд холбох ажлыг эрчимжүүлэх шийдвэрүүдийг гаргасан” хэмээв

 Үүнд;

1. Цэвэр бохир усанд холбогдоход гарах материалын зардлын 50 хувийг төр, 50 хувийг иргэд өөрсдөө хариуцах 

2. Айлуудыг мэдээллээр хангаж цэвэр бохир усанд холбох ажлыг “Шим ус” компани хариуцаж ажиллах

3. Ирэх жилээс “Хашаандаа сайхан амьдаръя” төслийн нэгж байгуулж цэвэр бохир усанд хэрхэн яаж холбогдох талаар иргэдэд сургалт мэдээлэл, зөвлөгөө өгдөг болох

4. Цэвэр усны хангамж хүрэлцээг нэмэгдэх эх үүсвэрийн хөрөнгө шийдэх                        

5. Айл өрхүүдийн цахилгааны зардлыг бууруулах, цахилгаан халаагууртай холбоотойгоор шөнийн тарифт тоолуураар хангах                                           

6. Хашаа, гудамжаа тохижуулах, мод тарих, хүлэмж эрхлэх хөдөлгөөн өрнүүлэх

7. Айл өрхүүдийн мод тарих, ногоо тарих асуудлыг гүний биш гадаргын усаар шийдэх 

Дээрх асуудлуудыг шийдвэрлэснээр Ховд аймгийн иргэд орон сууцнаас ч дутахгүй тав тухтай орчныг өөрийн хашаандаа бүрдүүлэн амьдрах боломж бүрдэх юм.