Хамтарсан Засгийн газар байгуулахаар боллоо
Засгийн газар шинээр байгуулах хүрээнд гурав хоногийн турш хэлэлцээ хийсэн Ардчилсан нам, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвсэл, ИЗНН-ынхан хамтарсан Засгийн газар байгуулах тохиролцоонд хүрсэн талаар Төрийн ордонд мэдээлэл хийлээ.
Хуралд АН-ын ажлын хэсгийн ахлагч Х.Баттулга гишүүн Ч.Сайханбилэг, МАХН-МҮАН-ын “Шударга ёс” эвслийн ажлын хэсгийн ахлагч Ч.Улаан гишүүн Д.Тэрбишдагва, ИЗНН-ын ажлын хэсгийн ахлагч С.Дэмбэрэл гишүүн Г.Ганхүү нар оролцлоо.
АН-ын ажлын хэсгийн ахлагч Х.Баттулга мэдээлэхдээ “2012 оны сонгууль өнгөрөгч зургадугаар сарын 28-ны өдөр дууссан. Сонгуулийн үр дүнгээр аль ч нам олонх болоогүй, сонголтыг ард түмэн хийсэн. Үүний дараа хуулийн дагуу хамтарч ажиллах саналыг АН-аас тавьсан. УИХ-д суудалтай намуудад хамтрах саналаа энэ сарын 16-ны өдөр хүргүүлсэн. Өнөөдрийг хүртэл 3 хоногийн дотор хэлэлцээ хийлээ” гэв.
Гурван өдрийн туршид хэлэлцээ хийсний дүнд хамтарсан Засгийн газар байгуулах тунхаглалаа гаргажээ. Тунхаглалд “УИХ-ын 2012 оны зургадугаар сарын 28-ны өдөр хийсэн сонгуулийн дүнд нам эвслүүд эх орнынхоо төлөө хамтран ажиллах гарцаагүй нөхцлийг бүрдүүлсэн ийм шийдвэр байлаа. Сонгогч олон түмнийнхээ хүслийг хүндэтгэж АН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл” ИЗНН нэр дэвшиж сонгогдсон гишүүд Монгол Улсын Үндсэн хуулийн хүрээнд улс орон ард түмнийнхээ язгуур эрх ашгийг дээдлэн бүрэн эрхийн хугацаандаа тогтвортой үр бүтээлтэй хамтран ажиллахаар тохиролцон хамтарсан Засгийн газар байгуулахаар шийдвэрлэснээ тунхаглалаа.
АН, МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл” ИЗНН намын хамтарсан Засгийн газар нь цаашид хамтарсан Засгийн газар гэж тэмдэглэгдэнэ. Үйл ажиллагаандаа АН-ын “Монгол хүн” хөтөлбөрийг үндэс болгон ИЗНН-ын “Амьдрал”, МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслийн “Монголоо аврах таван хувьсгал” зэрэг мөрийн хөтөлбөрийн тодорхой заалтуудыг тусгаж хамтран ажиллахаар болжээ. Хөтөлбөрийн талаар ард түмэндээ нээлттэй мэдээлж идэвхтэй хамтран ажиллах болно гэдгээ мэдэгдлээ.
Тунхаглал гаргасан намуудын ажлын хэсгүүд яг одоо гэрээндээ гарын үсэг зурах юм байна. Түүнчлэн өнөөдөр намуудын бүлгүүд хуралдаж дараа нь УИХ-ын чуулганыг зарлан хуралдуулах аж. Хуулийн дагуу УИХ-ын байнгын хороодоо байгуулж дараа нь Ерөнхий сайдаа сонгож улмаар Засгийн газрын бүтцийн талаархи хуулийн төслөө УИХ-д өргөн мэдүүлэх юм байна.
Хамтын ажиллагааны гэрээний дараа талууд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэн явуулах гэнэ. Эвслийн Засгийн газарт УИХ-д авсан суудлынхаа харьцааг үндэслэж 75 хувь нь АН, ИЗНН, 25 хувь нь МАХН-МҮАН-ын Шударга ёс эвслээс ажиллахаар болсон байна.