Ерөнхийлөгчийн Тамгын газраас Улсын Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор нарт санал хүргүүллээ
Иргэдээс Монгол Улсын Ерөнхийлөгчид хандан гаргаж байгаа олон тооны гомдол, саналыг үндэслэн Ерөнхийлөгчийн Тамгын газраас Монгол Улсын Дээд шүүхийн Ерөнхий шүүгч С.Батдэлгэр, Улсын Ерөнхий прокурор Н.Алтанхуяг нарт Үндсэн хуульд заасан хүний эрх, эрх чөлөөг хамгаалах тодорхой арга хэмжээ авах тухай санал бүхий албан бичгийг хүргүүлжээ.
Уг албан бичигт:
- Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаа явуулж байгаа байгууллагаас цагдан хорих зөвшөөрөл өгөх шүүгч Бямба, Ням гаригт амарч, байгааг ашиглан иргэдийг Баасан гаригийн орой баривчлан саатуулж, тухайн иргэнийг 3 хоног, шүүгчийн зөвшөөрөлгүй хорьж, Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 10.2 –т заасан иргэдийн “халдашгүй чөлөөтэй байх” эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа,
- Мөн иргэдэд эрх зүйн туслалцаа авах, өмгөөлөгч авах боломж нөхцлийг хангахгүй, тэднийг өмгөөлөгчгүйгээр байцаан мэдүүлэг авч, уг мэдүүлгийг өөрийнх нь эсрэг яллах нотлох баримт болгох түгээмэл арга хэлбэрээр Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 18, 35, 36-д заасан, эрх зүйн туслалцаа авах, өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг зөрчиж байгаа,
- Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлд, цагдан хорих асуудлаар зөвхөн өмгөөлөгч хүсэлт гаргасан нөхцөлд л өмгөөлөгчийг байлцуулахаар, харин цагдан хоригдож байгаа иргэнийг шүүгчтэй огт уулзуулахгүй ямар нэг тайлбар гаргах боломжгүйгээр хуульчлан тогтоосноор, мөрдөн байцаагч, прокурор цагдан хорих асуудлыг дагнан шийдвэрлэх болж, хууль шүүхийн өмнө эрх тэгш байх, халдашгүй байх иргэдийн Үндсэн хуулийн эрхийг туйлын ноцтойгоор хохироож, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 17 дугаар зүйлд заасан мэтгэлцэх зарчмыг бүрэн алдагдуулж байгаа,
- Мөрдөн байцаах газар, АТГ гүйцэтгэх ажиллагаа явуулахдаа прокурорын байгууллагаас зөвшөөрөл авахгүйгээр иргэдийг тагнах, мөрдөх, хувийн бичиг захидлыг задлах, утасыг чагнах ажиллагааг явуулж, Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 11, 12 дугаар зүйлд заасан иргэдийн орон байр, хувийн нууцын халдашгүй эрхийг ноцтойгоор зөрчиж байгаа тухай дурьдсан байна.
Эдгээр нийтлэг зөрчлүүдийг арилгах зорилгоор дараах арга хэмжээ авч хэрэгжүүлэхийг Ерөнхийлөгч, Улсын дээд шүүхийн Ерөнхий шүүгч С.Батдэлгэр болон Улсын Ерөнхий прокурор Н.Алтанхуяг нарт санал болгосон байна.
Үүнд:
- Ажлын бус цагаар болон, Бямба, Ням гаригт (24 цаг, 7 хоног) тогтмол жижүүрлэх прокурор, цагдан хорих арга хэмжээг хянан шийдвэрлэх шүүгч ажиллуулах, гүйцэтгэх ажлыг прокурорын хатуу хяналтад гүйцэтгэх тушаал, журам гаргах,
- Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 68 дугаар зүйлийн заалт нь, НҮБ-ын Иргэний болон улс төрийн эрхийн талаарх олон улсын Пактын 9 дүгээр зүйлийн 3, 4 дэх хэсгийн “Шүүхийн өмнөх шатанд байгаа хүн шүүх хуралд оролцох”, “хорьж саатуулсан нь хууль ёсны эсэхийг шүүхээр даруй тогтоолгох эрхтэй” гэсэн заалттай зөрчилдөж байх тул, Үндсэн хуулийн 10.3, Үндсэн хуулийн хавсралт хуулийн 7.3-т “Монгол Улсын хууль ба олон улсын гэрээний хүний эрхийн заалт зөрчилдвөл уул гэрээний заалтыг баримтлана” гэж заасан дагуу, цагдан хорих арга хэмжээ авах асуудлыг яллагдагч, өмгөөлөгчийн хүсэлтийг, прокурорын цагдан хорих саналтай адил тэгш байдлаар шүүх авч хэлэлцэх, яллагдагчийг өөрийг нь буюу өмгөөлөгчийг заавал оролцуулан, шүүгч шийдвэрлэж байхаар журамласан тайлбарыг, Дээд шүүхийн Үндсэн хуульд заасан “хууль тайлбарлах” эрх мэдлийн хүрээнд гаргах.
- Иргэдийг байцаан мэдүүлэг авахдаа, өмгөөлөгч оролцуулаагүй, эрх зүйн туслалцаа авах эрхийг хангаагүй нөхцөлд, эдгээр мэдүүлэг, нотлох баримтыг, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 92 дугаар зүйлийн заалтыг зөрчисөнд тооцох, түүнчлэн энэ үйл ажиллагааг Үндсэн хууль, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 18, 35, 36-д заасан, эрх зүйн туслалцаа авах, өөрийн эсрэг мэдүүлэг өгөхгүй байх иргэний эрхийг ноцтойгоор зөрчсөн гэж үзэх Дээд шүүхийн тайлбар гаргах зэрэг ажиллагааг хийж хэрэгжүүлэхийг санал болгожээ.
Түүнчлэн уг албан бичгийн дагуу авсан арга хэмжээний талаар Ерөнхийлөгчид танилцуулахыг хүссэн байна.