​Д.Сумъяабазар: III тунгаа хийлгээгүй төрийн албан хаагчдыг гэрт нь хөл хорионд оруул
2021.11.22

​Д.Сумъяабазар: III тунгаа хийлгээгүй төрийн албан хаагчдыг гэрт нь хөл хорионд оруул

Монгол Улсад коронавирусийн эсрэг вакцины III тунг наймдугаар сарын сүүлээс тарьж эхэлсэн билээ. Өнөөдрийн байдлаар 561 мянга гаруй иргэн дархлаа сэргээх III тунгийн вакцинаа хийлгээд байгаа бөгөөд энэ нь нийт хүн амын 17 хувийг эзэлж байгаа юм.

Дархлаа сэргээх тунд хүн амын 50-иас дээш хувь хамрагдвал  Өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэглэлийг бууруулж, хэвийн үеийн аж амьдралд шилжих боломжтойг албаныхан мэдэгдсэн. Түүнчлэн, хүн амын дунд дархлааг сэргээх тунгийн вакцинжуулалт идэвхжүүлснээр халдварын тархалт буурч, Шинэ жил, Цагаан сар зэрэг баярыг тэмдэглэх боломжтой болно гэж зарим дарга мэдэгдээд буй. III тун нь коронавирусийн мутацилагдсан хувилбараас сэргийлэх, хүндрэх, нас барах эрсдэлийг бууруулж байгааг эрдэмтэд тогтоосон.

Тэгвэл Монгол Улсад нийт хүн амын дунд III тунгийн дархлаажуулалтыг идэвхжүүлэх үүднээс НОК, УОК-оос албагдлагын арга хэмжээг авч эхлэх бололтой. Тодруулбал, НОК-ын дарга, Нийслэлийн Засаг дарга Д.Сумъяабазар нийслэлийн шуурхайн зөвлөгөөний хурал дээрээ III тунгийн тарилгыг идэвхжүүлэх үүрэг даалгаврыг НЭМГ-ын даргад өгсөн байна.

Тэрээр "Вакцины III тунгаа хийлгээгүй төрийн албан хаагчдыг битгий ажилд нь ирүүл. Гэрт нь хөл хорионд оруул. III тунг хийлгэсэн бол л ажилдаа ир. Хатуухан арга хэмжээ ав. Энэ саналаа НОК дээр оруулж ир. Үйлчилгээний байгууллагууд III тун хийлгэсэн хүнд л үйлчил. Дархлаа сэргээх тунгаа хийлгээгүй хүн гэртээ бай. Хатуухан шиг зохицуулалт хийж байж л 50 хувиас дээш гаргана. Хийлгээгүй хүмүүс нь гадуур тэнэж, бусаддаа халдааж, вирус тээгч болоод байна. Толгойг нь илээд удаан явлаа, одоо хүч хэрэглэ. Ер нь хүч хэрэглэсэн ч яадаг юм, олон хүн үрэгдэж байна. Хэн юу гэсэн ч хамаагүй, хэрэглэх юман дээрээ хэрэглэнэ" гэлээ.