МҮЭХ-ноос Ерөнхий сайдад мэдэгдэл хүргүүллээ
2021.12.14

МҮЭХ-ноос Ерөнхий сайдад мэдэгдэл хүргүүллээ

Монголын Үйлдвэрчний Эвлэлийн Холбооноос өнөөдөр Монгол улсын Ерөнхий сайдад мэдэгдэл хүргүүллээ.

Уг мэдэгдлийг МҮЭ-ийн холбоонд Төрийн үйлчилгээний ажилчдын ангилал зэрэглэлийн асуудлаар Боловсрол шинжлэх ухааны ҮЭ-ийн холбоо, Сургуулийн өмнөх боловсролын ҮЭ-ийн хороо, нийслэл, аймгийн ҮЭ-ийн холбоод, гишүүдээс ирж буй гомдол санал, шаардлагын дагуу хүргүүлж буй аж.

Тодруулбал, Төрийн үйлчилгээний ТҮ-1-3 шатлалаар цалинждаг ажилчдыг Гэрээт болгох шийдвэр нь энэ шатлалаар цалинждаг ажилтан, албан хаагчид ажлын байраа алдах, цалин хөлс буурах, тэтгэвэрт гарахад олгодог нэг удаагийн тэтгэмж олдохгүй байх, нийгмийн асуудал буурах зэрэг олон асуудлууд үүсэх нөхцөл бий болгох эрсдэлтэй юм.

Тиймээс дээрх шатлалаар цалинждаг ажилчдыг Гэрээт болгох шийдвэрийг цуцалж өгөхийг шаардаж буй аж.

Төрийн албан хаагчдын цалингийн доод жишгийг Засгийн газрын 2014 оны 332 дугаар тогтоолоор баталсан байдаг. ТҮ шатлалын ангилалд багтдаг ажилчдын цалинг 371 016-аас 790 516 төгрөгөөр тогтоожээ.