МҮЭХ-ны ажлын хэсэг хуралдлаа
2021.12.27

МҮЭХ-ны ажлын хэсэг хуралдлаа

Төрийн үйлчилгээний 1-3 дугаар ангилал, зэрэглэлд хамаарах албан хаагчдын ажлын байр, цалин хөлс, тэтгэвэр тэтгэмжийн чиглэлээр тэмцлийн үйл ажиллагаа, бусад арга хэмжээг нэгдсэн зохион байгуулалтаар хангаж ажиллах үүрэг бүхий ажлын хэсгийн хурал өнөөдөр /2021.12.27/ боллоо.

Дээрх хурлаас ямар шийдвэр гарсан талаар Ажлын хэсгийн ахлагч, МҮЭ-ийн холбооны ЕНБД Х.Буянжаргалаас тодруулахад,
-Засгийн газрын хуралдаанаар ТҮ-1-3 шатлалын ажилтнуудын цалин хөлс, урамшуулал, нэг удаагийн тэтгэмжийн зардлыг орон тоогоор нь 2022 оны 1 дүгээр сарын 1-нээс Орон нутгийн нэгжийн тухай хуулийн дагуу төсөв нь орон нутагт шилжсэн гэж танилцуулсан.
Дээрх шийдвэр хэрэгжвэл төрийн үйлчилгээний ажилтнуудын нөхцөл байдал хүндэрч магадгүй хэмээн МҮЭ-ийн холбооны 23 дугаар хурлын төлөөлөгчид үзэж, БШУҮЭ-ийн холбоо, Сургуулийн өмнөх боловсролын ҮЭ-ийн хороодоос УИХ, Засгийн газарт шаардлага хүргүүлсэн.

Энэ сарын 25-ны дотор хариу авах ёстой ч өнөөдрийн байдлаар ирээгүй байна. Аймаг, орон нутаг, салбар хариуцсан МҮЭ-ийн холбооны дэд ерөнхийлөгч нарт нөхцөл байдлын судалгааг авч, ирүүлэх үүрэг өгсөн.

Аймгийн Засаг дарга нар харилцан адилгүй шийдвэр гаргаж болзошгүй тул ирэх оны 1 дүгээр сарын 1-нээс дээрх ажилтнуудын асуудлыг хэрхэн шийдвэрлэхийг анхааралтай ажиглаж, дараагийн асуудал яригдана гэлээ.