О.Цогтгэрэл: Д.Ганбатыг УИХ дахь АН-ын бүлгийн даргаас огцруулсан
УИХ дахь АН-ын бүлгээс мэдээлэл хийлээ. Хэвлэлийн хуралд УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд оролцлоо.
УИХ-ын гишүүн О.Цогтгэрэл "Өнгөрсөн долоо хоногт УДШ-ийн тогтоолыг олон нийтэд мэдээлсэн. Энэ тогтоолд тодорхой зааснаар АН-ын маргаантай асуудал шийдэгдсэн. АН-ын онц Их хурлыг зохион байгуулсан ажлын хэсгийг ҮБХ төв байгууллага, УДШ хууль ёсны болохыг тогтоосон. Ийм учраас АН-ын маргаан гэж байхгүй. Нөгөө тал гэж ярьж буй нөхдүүд дээд шүүхийн шийдвэрт тулгуурлаж хариулт аваарай. Намайг УДШ-ын тогтоолыг гуйвууллаа гэж байна. Гэхдээ хар дээр цагаанаар тодорхой биччихсэн байгаа. Намын үйл ажиллагаа шийдэгдчихлээ.
Одоо харин УИХ дахь АН-ын бүлгийн үйл ажиллагаанд тодорхой хэмжээний саад бэрхшээл байна. Бид өнгөрсөн оны аравдугаар сараас эхлээд Д.Ганбатыг бүлгийн даргаас олонхийн саналаар сольж, өөрчлөөд УИХ-ын даргад бичгээр мэдэгдсэн. Энэ асуудлаар УИХ-ын даргад хүсэлт шаардлага тавьсан. Иймээс УИХ-ын даргад АН-ын бүлгийн үйл ажиллагааг хэвийн хангаж ажиллах бололцоог хангахыг тулд дахин шаардлага хүргүүлнэ. УИХ-ын дарга АН-ын бүлгийн үйл ажиллагааг хэвийн хангахыг шаардаж байна. Дараачийн удаа Үндсэн хуулийн Цэцэд хандахаас эхэлж ажлаа хийнэ. Д.Ганбат даргын ганцаар зарласан хуралд гишүүд оролцохгүй байгаа" гэв.