Газрын тосны бүтээгдэхүүний агуулахуудад шалгалт хийлээ
АМГТГ-аас стратегийн гол бүтээгдэхүүн болох шатахууны хангамж, нөөцийг тасалдуулахгүй, импортын татан авалт захиалгын тоо хэмжээг бууруулахгүй байлгах талаар тогтмол анхааран ажиллаж байна.
Энэ ажлын хүрээнд өнөөдөр шатахуун импортлогч аж ахуйн нэгжүүдийн агуулах дээр хяналт шалгалтын ажлыг эхлүүллээ. Мөн агуулахад хадгалагдаж байгаа шатахуун төрөл тус бүр дээр чанарын шалгалтыг хийхээр шинжилгээний дээжийг авав. Шинжилгээг АМГТГ-ын лабораторид 18 үзүүлэлтээр шинжлэх юм.
Монгол Улсын Газрын тосны бүтээгдэхүүний тухай хуульд” Газрын тосны бүтээгдэхүүний нөөц нь улсын болон компанийн нөөцөөс бүрдэнэ” гэж заасан. Улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний хомсдол үүсэхээс урдчилан сэргийлэх зорилгоор АМГТГ-аас жил бүр Газрын тосны бүтээгдэхүүн импортоор оруулж, бөөний болон жижиглэнгийн худалдаа эрхлэгч аж ахуйн нэгжүүдтэй нөөц бүрдүүлэх журмын дагуу 30-аас доошгүй хоногийн шатахууны нөөцийг гэрээ байгуулан бүрдүүлдэг билээ.
Улсын хэмжээнд газрын тосны бүтээгдэхүүний хэрэгцээг 106 агуулах, (Үүнээс 24 агуулах Улаанбаатар хотод) 1419 шатахуун түгээх станц, 10 орчим хийн байгууламжаар хангаж байна. Газрын тосны бүтээгдэхүүний тусгай зөвшөөрөлтэй холбоотой нарийвчилсан журмын дагуу долоо хоног бүрийн Мягмар гаригт шатахууны нөөц, үлдэгдлийн мэдээ, мэдээллийг тогтмол гарган холбогдох байгууллагад хүргүүлдэг бөгөөд уг мэдээ, мэдээллийн үнэн бодит байдлыг тухайн аж ахуйн нэгжийн агуулах дээр сар бүр хэмжилт хийж, тулган баталгаажуулах замаар гүйцэтгэж байна.
2022 оны 1 дүгээр сарын 10-ны өдрийн байдлаар улсын хэмжээнд дунджаар ердийн хэрэглээний 32 хоногийн газрын тосны бүтээгдэхүүний нөөцтэй байгаа бөгөөд үүнээс А-80 автобензин 64, Аи-92 автобензин 31, дизелийн түлш 28, ТС-1 онгоцны түлш 23 хоногийн нөөцтэй байна.
Газрын тосны бүтээгдэхүүний нөөцийг хэвийн байлгах асуудлын хүрээнд ОХУ-ын Роснефть болон БНХАУ-ын Петрочайна Интернэшнл компаниас 2022 оны 1 дүгээр сард нийт 117 мянган тонн газрын тосны бүтээгдэхүүн импортлох захиалга хийгдээд байна.