Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазарыг улираан томиллоо
2022.01.31

Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазарыг улираан томиллоо

Нийслэлийн Монгол Ардын Нам /МАН/-ын хорооны 35 дугаар Бага хурал болж байна. Тус хуралд нийслэлийн есөн дүүргийн 204 намын хороо, 534 үүрийн 66.758 гишүүнийг төлөөлж 499 төлөөлөгч оролцож байгаа юм. Мөн төлөөлөгчдийг  коронавирусийн шинжилгээнд хамруулж, халдвар хамгааллын дэглэмийг чандлан баримталж, хуралдааныг цахим болон танхим хосолсон хэлбэрээр зохион байгуулж байна. Хуралдаанд УИХ-ын 22 гишүүн, Монгол Улсын Засгийн газрын зургаан гишүүн, НИТХ-ын 44 төлөөлгч  сонгогдсон аж.    

УИХ-ын гишүүн, Улаанбаатар хотын хөгжлийн бодлого эрхэлсэн Түр хорооны дарга Э.Бат-Амгалан, НИТХ-ын төлөөлөгч Н.Баярчимэг нар төлөөлөгчдийн олонхын санал авч, хуралдааныг даргалан явууллаа. 

Нийслэлийн МАН-ын хорооны 35 дугаар Бага хурлаар ирэх дөрвөн жилд тус намын хороог удирдан чиглүүлэх удаах даргаа сонгов. Нийслэлийн МАН-ын хорооны даргад нэр дэвшүүлэх тухай МАН-ын Удирдах зөвлөлийн тогтоолыг МАН-ын Нарийн бичгийн дарга Н.Энхбаатар танилцууллаа. Тэрбээр “МАН-ын дүрмийн дагуу УИХ-ын сонгуульд нам ялалт байгуулбал намын дарга Ерөнхий сайд болдог дүрэмтэй. Бид саяхан хийсэн 30 дугаар их хурлаар дүрэмдээ өөрчлөлт оруулж, орон нутгийн сонгуульд нам ялалт байгуулсан тохиолдолд тухайн шатны намын байгууллагын даргыг Засаг даргад нэр дэвшүүлж болно гэсэн дүрмийн өөрчлөлтийг оруулсан. 2020 оны орон нутгийн сонгуульд нийслэлийн намын байгууллагыг амжилттай удирдаж, НИТХ-д 45-аас 34 суудалд, нийслэлийн есөн дүүргээс найман дүүрэгт ялалт байгуулахад амжилттай манлайлж ажилласан Долгорсүрэнгийн Сумъяабазарыг Нийслэлийн МАН-ын хорооны даргаар үргэлжлүүлэн ажиллуулах нь зүйтэй гэж Удирдах зөвлөл үзсэн” хэмээн тодотгосон юм. 

Нийслэлийн МАН-ын хорооны даргыг сонгох нууц санал хураалтын дүн гарахад Д.Сумъяабазарыг төлөөлөгчдийн 99.51 хувийн саналаар улираан томиллоо. Тогтоолыг тооллогын комиссын дарга Н.Батсүмбэрэл танилцуулав.

Нийслэлийн МАН-ын өмнөх хуралдаан буюу 34 дүгээр Бага хурал одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2018 оны есдүгээр сард болсон. Тэрхүү хурлаар Нийслэлийн МАН-ын хорооны даргаар Д.Сумъяабазар сонгогдож байсан юм. Санал хураалтын өмнө тэрбээр өнгөрсөн хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажлаа дүгнэж, цаашид хийх алхмуудаа тодорхойлсон “Шинэ алхам-Шинэ нийслэл” илтгэл тавьсан.  

Нийслэлийн МАН-ын хорооны дарга Д.Сумъяабазар “Миний бие Нийслэлийн МАН-ын хорооны даргаар сонгогдсоноос хойш гурван шатны дөрвөн сонгуульд багаа удирдан та бүхэнтэйгээ хамтран амжилттай оролцлоо. 2020 оны УИХ-ын ээлжит сонгуульд амжилттай оролцож, нийслэлд нэр дэвшүүлсэн 24 мандатаас 22-т сонгогчдын олонхын дэмжлэг авч, 91.7 хувийн үнэмлэхүй ялалт байгуулсан. 2020 оны Нийслэлийн Иргэдийн Төлөөлөгчдийн хурлын сонгуульд “Нийслэлийн хөгжлийн гэрээ” мөрийн хөтөлбөрөө дэвшүүлэн оролцож, нийслэлд 34, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн хуралд 200 нэр дэвшигч маань сонгогчдын олонхын санал авсан. 2021 оны Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгуулийн санал хураалтаар МАН-аас нэр дэвшигч Ухнаагийн Хүрэлсүх нийслэлийн хэмжээнд нийт сонгогчдын 60 хувийн санал авч, итгэл төгс ялалт байгууллаа. Энэ бүхэн хамтын амжилтын маань үр шим билээ” хэмээн өгүүлсэн юм. Нийслэлийн МАН-ын хорооноос 2022 оныг “Хүний нөөцийн хөгжүүлэлтийн жил” болгон зарлалаа.

Нийслэлийн МАН-ын  35 дугаар бага хурлын төлөөлөгчдийн 499 төлөөлөгчийн 144 буюу 29.9 хувь нь эмэгтэйчүүд байна. Насны хувьд 104 буюу 20.8 хувь нь 20-34 хүртэлх насны залуучууд, 351 буюу 70.3 хувь нь 35-60 насныхан, 44 буюу 8.8 хувь нь 61-ээс дээш насны ахмадууд байв. Бага хурлын төлөөлөгчдийн хамгийн ахмад нь нийслэлийн МАН-ын хорооны даргаар ажиллаж байсан 85 настай Лхамсүрэнгийн Лантуу бол хамгийн залуу төлөөлөгч нь Хан-Уул дүүргийн 16 дугаар хорооны намын хорооноос сонгогдсон 20 настай А.Цацрал байлаа. Төлөөлөгчид 100 хувь дээд боловсролтой, доктор, профессор 41, магистр зэрэгтэй 241 хүн байсны сацуу  хуульч мэргэжилтэй 18, багш 49, эмч 11, хөдөө аж ахуйн мэргэжилтэй зургаа, зохиолч, сэтгүүлч 21, нягтлан бодогч, эдийн засагч 81, инженер 68, бусад төрлийн мэргэжил бүхий 245 төлөөлөгч сонгогдон оролцов.  Бага хуралд бизнес эрхлэгчдийн төлөөлөл 32 буюу 6.4 хувийг эзэлж байна. Төлөөлөгчдийн дотор Монгол Улсын Гавьяат цолтон зургаа багтжээ.