Дэлхийн банктай уур амьсгалын өөрчлөлт, аялал жуулчлал, байгаль орчны чиглэлд хамтран ажиллана
2022.02.11

Дэлхийн банктай уур амьсгалын өөрчлөлт, аялал жуулчлал, байгаль орчны чиглэлд хамтран ажиллана

Дэлхийн банкны Монгол дахь Суурин төлөөлөгч Андрей Михневтэй БОАЖЯ-ныхан уулзалт хийлээ. Талууд уулзалтын үеэр уур амьсгалын өөрчлөлт, аялал жуулчлал, хамтын ажиллагааны асуудлаар голчлон санал солилцсон юм. 

БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ хэлсэн үгэндээ Дэлхийн банк Монгол Улсын Засгийн газартай 2021-2025 онд хамтран хэрэгжүүлэх Түншлэлийн стратегийн хүрээнд байгаль орчны асуудлууд болон аялал жуулчлалтай холбоотой олон зорилтууд туссан байгаад талархалтай байгаагаа онцлоод, “Байгалийн нөөцийн ашиглалт, орчны бохирдлыг багасгах, уур амьсгалын өөрчлөлтийг сааруулах, түүнд дасан зохицох чиглэлээр шууд болон салбар дундын зохицуулалттай асуудлуудыг чухалчилав.

Мөн Парисын хэлэлцээрийг хэрэгжүүлэх үйл ажиллагааны төлөвлөгөөг хэрэгжүүлэх хүрээнд салбар дундын зохицуулалт, оролцоо ихтэй учраас уур амьсгалын өөрчлөлтийн чиглэлийн арга хэмжээнүүдийн хэрэгжилтийг хангах тогтвортой санхүүжилтийн шийдлийг БОАЖЯ сонирхож байна гэлээ. 

Уур амьсгалын өөрчлөлтийн асуудлыг хариуцан ажиллаж буй яамны хувьд салбар дундын зохицуулалт, бусад салбарын оролцоог нэмэгдүүлэх ажлуудыг түлхүү гүйцэтгэж ирсэн. Цаашид ч хамтын ажиллагааг үргэлжлүүлэн олон нийтийн оролцоог дэмжиж ажиллах сонирхолтой байгаа бөгөөд хүүхэд залуучуудад чиглэсэн танин мэдэхүйн шинэлэг аргачлалтай арга хэмжээ зохион байгуулах хүсэлтэй байгаагаа илэрхийллээ.

Дэлхийн банкны Суурин төлөөлөгч  Андрей Михнев уур амьсгалын өөрчлөлтөд чиглэсэн төсөл хөтөлбөрт дэмжлэг үзүүлэхээс гадна Монгол Улсад хэрэгжих боломжтой бүхий л төслийг дэмжиж ажиллахад бэлэн гэдгээ онцлоод, “Нэн ялангуяа хөдөлмөр, ажил эрхлэхтэй холбоотой төслүүдэд анхаарал хандуулж байна. Дэлхийн банк өнгөрсөн 30 жилийн хугацаанд Монгол Улстай нягт хамтран ажиллаж ирсэн. Энэ хамтын ажиллагааг үргэлжлүүлэх хүсэлтэй байна” гээд цаашид ямар салбарт илүү анхаарч, дэмжлэг үзүүлж болох тухай БОАЖ-ын сайдтай санал солилцлоо.

Уулзалтын үеэр Дэлхийн банкны аялал жуулчлалын аналитик судалгааны мэргэжилтэн АНУ-ын Вашингтон хотоос холбогдож, Монгол Улсын аялал жуулчлалын чиглэлээр хийгдсэн судалгааг танилцуулав. Уг судалгаанд Монгол Улс аялал жуулчлалын салбараа сүүлийн 20 жил хэрхэн хөгжүүлж ирсэн болон өнгөрсөн 10 жилийн хугацаанд энэ салбарт авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, цаашид аялал жуулчлалыг хөгжүүлэхэд хэрхэн анхаарах, яаж хөгжүүлэх боломжтой зэрэг бизнес загваруудыг олон улсын түвшинд болон Монгол орны өөрийн боломжинд тохируулан боловсруулжээ.

Танилцуулгын дараа Дэлхийн банкны Суурин төлөөлөгч Андрей Михнев энэхүү тайланг БОАЖЯ-тай хамтран олон нийтэд сурталчлах хүсэлтээ илэрхийлэв. Түүний дараа БОАЖ-ын сайд Б.Бат-Эрдэнэ “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэхэд дэмжлэг үзүүлэхийг хүсээд “Ойн салбараас эдийн засагт экосистемд оруулах хувь нэмэр, үйлчилгээ өндөр учраас байгальд түшиглэсэн шийдлүүдийг турших боломж өндөр. Удахгүй үндэсний хөдөлгөөнийг хэрэгжүүлэх стратегийн зорилтууд, арга хэмжээний төлөвлөгөөнүүд эцэслэгдэн гарахаар БОАЖЯ-аас уламжлалт ёсоор түншлэгч талуудын зөвлөлдөх уулзалтыг зохион байгуулна. Дэлхийн банк яамдууд болон Улаанбаатар хоттой орчны бохирдлыг бууруудах чиглэлээр хамтран ажиллаж ирсэнд талархаж байна. Техник, технологийн шинэчлэлийн хурдацтай үед системчилсэн аргачлалуудыг ашиглан агаарын бохирдлыг бууруулахад анхаарч ажиллаж байна. Иймээс энэ чиглэлийг үргэлжлүүлэн анхаарч үзнэ гэдэгт итгэлтэй байна” гээд Улаанбаатар хотоос гадна суурин газруудын орчны бохирдол, төвлөрлийн асуудлыг анхаарч, Эрдэнэт, Дархан зэрэг хоёрдогч дагуул хотуудын хот төлөвлөлт, эрчим хүчний үр ашигтай байдлыг сайжруулах, эрсдлийг бууруулах чиглэлээр дэмжлэг үзүүлж байгаад талархаж буйгаа хэллээ.

Түүнчлэн “Монгол Улсын Засгийн газар аялал жуулчлал, эдийн засгийн бодлогоо зарлахаар төлөвлөж байна. Энэ хүрээнд БОАЖЯ энэ сар болон ирэх гуравдугаар сард Аялал жуулчлалын хэд хэдэн форум хийнэ. Тус форумд гадаад улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд нар болон Засгийн газрын бусад яамдын түвшинд хамтран ажилладаг олон улсын байгууллагууд оролцоно. Энэ арга хэмжээнд оролцох албан ёсны урилгыг өөрийн биеэр хүргүүлж байна” гээд цаашид урт хугацаанд хамтран ажиллаж, бодит үр дүнд хүрэх өндөр хүлээлттэй байгаагаа илэрхийлснээр уулзалт өндөрлөв.