Бэлчээрийг малчдад гэрээгээр ашиглуулна
Монгол Улсад эрчимжсэн мал аж ахуй хөгжүүлэх зорилгоор "Хот орчмын бэлчээрийн төсөл"-ийн судалгааг Мянганы сорилтын сангаас эхлүүлээд хагас жил болж байна. Энэ хугацаанд эрчимжсэн, хагас эрчимжсэн мал аж ахуй эрхлэхэд тохиромжтой бэлчээрийг сонгож, малчдад бэлчээрийг гэрээгээр ашиглуулах тогтолцоог бүрдүүлэх, тухайн бэлчээр нутагт байнга оршин суудаг иргэдээс төсөлд хамрагдах сонирхолтой малчдын бүлгүүдийг сонгож, өргөдөл хүсэлтийг хүлээн авч боловсруулах ажил хийжээ. Үүний үндсэн дээр 300 орчим малчдын бүлгийг төсөлд хамруулахаар болсон байна. Түүнчлэн Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхон аймгийн нутгийн 2.9 сая га бэлчээрийн 31.5 хувь нь эрчимжсэн, эрхлэхэд тохиромжтойг тогтоосон аж. Малчдыг гүний худагтай болгох, малын хашаа, байрны материалаар хангахад дэмжлэг үзүүлж бүлэг бүрт 10.000 долларыг эргэн төлөх нөхцөлтэйгөөр олгох гэнэ.
Бэлчээрийн хилийг тогтоох-доо 500 га газарт эрчимжсэн, 1000-1500 га газарт хагас эрчимжсэн байхаар тооцсон байна. Мянганы сорилтын сангийн мэргэжилтэн Ч.Баярмаа "Өнөөдөр бэлчээр нийтийн эзэмшилд байгаа. Монгол Улсын Газрын тухай хуульд бэлчээрийг гэрээгээр ашиглуулах заалт бий. Бид малчдад бэлчээрийг 15 жилээс доошгүй хугацаанд гэрээгээр ашиглуулна. Мал чид сум орон нутгийнхаа удирдлагатай гэрээ байгуулж, ирэх жилийн зургадугаар сар гэхэд бэлчээрээ ашиглах болно" гэв.