С.Ганбаатар: Би АН-ыг сонгоогүй бол улстөрчдийн нүдээ ухаж өгөхөөс ч буцдаггүй сайдын суудалд суух боломжтой байсан
2022.03.17

С.Ганбаатар: Би АН-ыг сонгоогүй бол улстөрчдийн нүдээ ухаж өгөхөөс ч буцдаггүй сайдын суудалд суух боломжтой байсан

УИХ-ын гишүүн С.Ганбаатартай ярилцлаа.

-Хаврын чуулганы онцлогийг та юу гэж харж байна. Энэ удаагийн чуулганаар голлож ямар хуулийн төсөл дээр анхаарч ажиллах гэж байна вэ?

-Өнгөрөгч намрын чуулганаар би Оюу толгойн гэрээ хэлэлцээр болон гэрээний үр дүнг сайжруулах чиглэлд ихээхэн анхаарч ажиллалаа. Мөн УИХ-ын Хяналт шалгалтын тухай хуулийг санаачилж, батлуулсан. Энэ бол их чухал л даа. Тиймээс хуулийн үр дүнг энэ чуулганаар хэрэгжүүлэхэд голлон анхаарна. Мөн өнгөрөгч чуулганаар Хөдөлмөрийн хуулийг санаачилж, ажлын хэсэгт орж ажиллалаа. Түүнчлэн Эм хангамжийн тухай хууль зэрэг дөрвөн хууль дээр ажилласан. Санаачилж батлуулсан хуулиудаас одоо хэрэгжиж байгаа нь Хөдөлмөрийн тухай хууль, Оюу толгойн үр дүнг сайжруулах тогтоол байна. Харин энэ удаагийн чуулганаар Бэлчээрийн тухай хууль, Усны тухай хууль, Үйлдвэр технологийн паркийн тухай хуульд ихээхэн анхаарч ажиллана гэж бодож байна.

-Үйлдвэржилт манай улсад бий болоход татвараас өгсүүлээд нэлээн хүндрэлтэй байдаг. Тэгвэл Үйлдвэр технологийн паркийн тухай хуульд үүнийг засах, үйлдвэржилтийг дэмжих чиглэлд ямар зохицуулалт орж байгаа вэ?

-Үйлдвэр технологийн парк юмуу үйлдвэржилтийг хөгжүүлье гэвэл монголчууд нэг зүйлийг анхаарах хэрэгтэй. Том сэтгэж, хүчээ нэгтгэж, гадагшаа довтолж сур. Өнөөдөр бид гадагшаа довтлохгүй байна. Хятадын, Оросын, Японы, Америк, Өмнөд Солонгосын зах зээл рүү бүх хүчээ нэгтгэж дайрч байж, Монголдоо олон ажлын байр бий болгоно. Ингэж байж Монголд үйлдвэржилт хөгжинө, ашиг бий болно.

Өнөөдөр монголчууд бид гадагшаа биш, дотогшоогоо бие биеэнтэйгээ үзэлцээд байна. Энэ бол үйлдвэржилтийн хамгийн том алдаа. Би 10 гаруй жилийн өмнө нэг жишээ хэлж байсан. Одоо түүнийгээ дахиад хэлье. Манай төрийн тэргүүнүүд Японд очоод 500 сая ам.долларын тусламж гуйж зээл олж ирж байсан. Үүний оронд “Японы зэс турбо, эд ангийн үйлдвэрлэлийн 20-30 хувийг бид нийлүүлье. Татварын хөнгөлөлт эдлүүлээч ээ” гэсэн бол гадаад зах зээл рүү орох үйлдвэржилтийн бодлого болох байсан. Тэгсэн бол Оюу толгой, Эрдэнэтийн энэ их зэсээр Монголын компаниуд эд анги хийгээд Японы зах зээлд татваргүй ч юмуу давуу эрхтэй орвол нэгдүгээрт, баруунаас зээл олдоно. Хоёрдугаарт, олон мянган ажлын байрыг бий болгоно. Энэ бол маш том бодлого. Би Монгол Улсын Ерөнхийлөгч болбол Япон, Хятад, Орос, Америк, Өмнөд Солонгост очиж Монголын зэс эд ангийн зах зээлийг нээх талаар хэлэлцээр хийнэ. Монголдоо ямар тендер зарлах вэ гэж хоорондоо үзэлцэж нэг улстөрчийн халаасанд хахууль өгч оролцдог тэнэг уралдаанаа больж Япон, Өмнөд Солонгосын зэс, эд ангийн тендерт Монгол Улс давуу эрхтэйгээр оролцох боломжийг бий болгож тендер авч ирэх нь төрийн гурван өндөрлөгийн ажил. 500 мянган ам.доллларын гуйлга гуйх биш. Өөрөөр хэлбэл, Монголын компаниудад олон улсын тендерийг авч ирж том зах зээл нээж өгнө гэсэн үг.

Хоёрдугаарх төрийн бодлого нь, зэс эд ангийг үйлдвэрлэхэд технологи хэрэгтэй. Тэгвэл тэр технологийг Засгийн газар болон дэлхийн худалдааны байгууллагын шугамаар оруулж ирэх ёстой.

Гуравдугаарх нь, Хүний нөөцийн бодлого. Өөрөөр хэлбэл, тэнд ажиллах инженер техникийн ажилтнуудыг их, дээд сургуулиуд бэлдэх ёстой. Манай их, дээд сургуулийн захирлууд албан тушаалаа бялуу гэж бодоод байна. Үгүй юм аа, тэд бизнесмэнүүдэд боловсон хүчин бэлдэж өгөх зорилгоо биелүүлэх хэрэгтэй.

Ингээд Япон руу 10 сая зэс эд санги гаргах тендерийн гэрээтэй, тэрийг яаж хийх технологийг гаднаас нутагшуулж оруулаад ирсэн. МСҮТ, политехник, их сургуулиуд бүгд боловсон хүчнийг нь бэлдээд эхэлж байгаа үед гаднаас маш хямд зээл өгөх ёстой. Тэгэхээр дөрөвдүгээрх нь зээлийн бодлого.

Тавдугаарт, татвар болон хамтын хэлэлцээрийн эрх зүйн орчныг бүрдүүлэх хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, хөл дээрээ босох гэж ядаж байгаа компаниудад эхний нэгээс гурван жилдээ татваргүй байлгая. Дөрөв дэх жилээс эхлэн нөхөж татвараа авахаар зохицуулмаар байгаа юм. Энэ бол миний мөрөөдөл. Би Монгол Улсын Ерөнхийлөгч болбол үүнийг хийнэ гэж олон жил мөрөөдсөн зүйлээ хэллээ. Үүнийг энэ хуульд тусгахыг зорьж байна.

-Тэгэхээр энэ хуулиар 1-3 жил татварын хөнгөлөлт эдлэх нь гэж ойлгож болох уу?

-Засаг төр үйлдвэржилтийг дээр дурдсан таван бодлогоор дэмждэг. Түүнээс өөрөө гүйж ороод, өөрөө нүүрс ухаж гаргаад, тендер зарлаж, өөрсдөө бизнесмэнүүдтэйгээ нийлж хулгай луйвар, авлига авах хэрэгслээ болгож байгаа өнөөдрийн энэ тогтолцоог халах хэрэгтэй. Оронд нь бизнесмэнүүдэд олон улсын тендер авч өг, тусал. Товчхондоо, нэгдүгээрт, зах зээл нээх. Энд заавал төр оролцдог. Аливаа үйлдвэржилтийг бий болгоход төр зах зээлийг нээж өгөх ёстой. Хоёрдугаарт, хүний нөөц дээр нь бодлогоор дэмжих нь чухал. Гуравдугаарт, технологийн дэмжлэг үзүүл. Дөрөвдүгээрт, зээлийн бодлогоор дэмжих хэрэгтэй. Тавдугаарт, татварын болон эрх зүйн орчныг бүрдүүлэх учиртай. Үүн дотор эхний ээлжинд тодорхой хугацаанд татварын хөнгөлөлт эдлүүлдэг. Тухайн хөнгөлөлт нь нэг, эсвэл таван жилээр үргэлжлэх эсэх нь тухайн үйлдвэрлэлийн төрлөөс шалтгаалдаг. Эрх зүйн орчны нэгхэн хувь нь татварын хөнгөлөлт. Өөр цаана нь Гааль, Мэргэжлийн хяналт зэрэг зөндөө юм бий. Энэ тав байж байж үйлдвэрлэл хөгждөг. Ер нь глобалчлалын үед үйлдвэрлэлийн бодлого гэдэг бол нэг орон нөгөө улсынхаа ажлын байрыг төрийн бодлоготойгоор булаахыг хэлдэг.

-Өнөөдөр Хөгжлийн банкны асуудал нийгмийн анхаарлын төвд байна. Тус банктай холбоотой асуудалд та ямар байр суурьтай байгаа вэ?

-Хөгжлийн банктай холбоотой асуудлыг шалгах УИХ-ын Ажлын хэсгийнхэнтэй уулзаж мэдээлэл авч байгаа. Би уул уурхайн баялгийг ард түмэнд тэгш хүртээх, нийгмийн даатгал, тэтгэвэр тэтгэмж, цалин хөлс, үйлдвэрчний эвлэлтэй холбоотой хуулиудад зүрх сэтгэлээ өгч гардаж ажилладаг.

Надад мэдээлэл дутмаг байгаа үед байр сууриа илэрхийлэх дургүй. Хөгжлийн банкинд үүссэн асуудалд улстөрчдийн нэр холбогдсон. Тэдгээр хүмүүст хариуцлага тооцох ёстой. Дахин ийм арчаагүй байдал гаргахгүйн төлөө хариуцлага тооцох ёстой. Мөн ажлын байр бий болгож Монгол Улсад үйлдвэржилтийг хөгжүүлэхийн төлөө зүтгэж яваа олон аж ахуйн нэгж, иргэдийг хоморголон зүхэж болохгүй. Үүнийг ялгаж салгах ёстой. Би энэ чиглэлээр мэдээлэл авч түүн дээрээ сууж задлан шинжилгээ хийж байна.

-Орос-Украины асуудлаар манай улсын илэрхийлсэн байр суурийн талаар та ямар бодолтой байна вэ?

-Бид аль нэг талд орохгүй, дайныг эсэргүүцэж төвийг сахисан байр суурьтай байна гэдэг бол Монгол Улсын Засгийн газар, Монгол төрийн бодлого, шийдвэр. Энэ шийдвэрийг УИХ-ын сөрөг хүчин, эрх баригч нам нь байна уу ялгаагүй дуу нэгтэйгээр дэмжих ёстой.

-АН-ын асуудалд та ямар байр суурьтай байна вэ?

-Би МАХН-ын нэрээр УИХ-ын гишүүн болсон. МАХН амьдралын аргагүй шалтгаанаар МАН-д дагаар орсон. Би хэзээ ч эрх ашгийн төлөө сонголт хийж байгаагүй. Гудманд гарч, хоёр хуваагдан, тамга тэмдгээ булаацалдсан, арчаагүй болчихсон байгаа АН-д урам дэм өгөх хэрэгтэй. Ардчилсан нам бус ардчилалд хайртай АН-ын гишүүд дэмжигчид, жирийн олон мянган монголчуудын итгэл найдварыг би хүндэтгэж байгаагаа илэрхийлэх ёстой.

-Та Х.Баттулга ерөнхийлөгч, Ж.Батсуурь гишүүн хоёрын хэнийг нь намаа эвлэлдэн нэгтгэж чадна гэж харж байна. Х.Баттулга ерөнхийлөгч нэр дэвшсэнээр АН гурав хуваагдчихав уу, эсвэл асуудал аль нэг талдаа гарахаар болчихов уу?

-Хэрвээ би АН-ыг сонгоогүй өөр сонголт хийсэн бол улстөрчдийн нүдээ ухаж өгөхөөс ч буцдаггүй сайдын суудалд суух боломжтой байсан. Би зөвхөн ардчилалд хайртай, ардчиллыг дэмждэг олон хүмүүсийн урам зориг, итгэлийг сэргээхийн төлөө энэ намд элссэн. Түүнээс энэ намын дарга нарын уралдаан, зодоон надад ямар ч хамаагүй. Би ийм юманд оролцдоггүй.

-Гэхдээ энэ бол АН-ын гишүүнчлэлтэй хүн бүрийн л анхаарал хандуулах асуудал биз дээ?

-Би хариултаа хэлсэн.