Ц.Даваасүрэн: ЭХЯ, "ДЦС-4"-ийн Хөгжлийн банкнаас авсан зээлийг төр төлөх ёстой
2022.03.23

Ц.Даваасүрэн: ЭХЯ, "ДЦС-4"-ийн Хөгжлийн банкнаас авсан зээлийг төр төлөх ёстой

Эрчим хүчний сайд асан Ц.Даваасүрэн Эрчим хүчний яамны хөгжлийн банкнаас авсан 45 тэрбум, ДЦС-4 ТӨХК-ийн авсан 244 тэрбум төгрөгийн зээлийн талаар зариг.мн сайтад байр сууриа илэрхийллээ.

Тэрбээр "Эрчим хүчний яам Хөгжлийн банкнаас авсан тэр зээлээ төлвөл эрчим хүчний үнэ тэр хэмжээгээр өснө.

Ард түмэн, ААН-үүдийн бүтэн жилийн тог, цахилгааныг төрөөс төлж болж байхад хэдэн станцынхаа мөнгийг төр төлөх л хэрэгтэй. Хэрэв цахилгаан, дулааны үнийг нэмэхгүйгээр Хөгжлийн банкны зээлийг төлүүлье гэж байгаа бол төр хариуцахаас өөр аргагүй. .

Хөгжлийн банкны зээлээр дөрөвдүгээр цахилгаан станцад өргөтгөл хийж, 90 мегаваттын эх үүсвэрийн хүчин чадлыг бий болгосон. Мөн Амгалан дулааны станц хэрэгтэй юу гэвэл хэрэгтэй. Төр өөрөө төсвөөс хийж чадахгүй нь үнэн шүү дээ. ДЦС-3 дээр мөн нэг блок барьсан. Энэ бүгдээр жил бүр шинээр бий болсон эрчим хүчний хэрэглээг хангасан. Хэрэв үүнийг хийгээгүй байсан бол орой бүр тог таслах байсан, үүнд Хөгжлийн банкны зээлийн ач холбогдол байсан" хэмээв.