Б.Саранчимэг: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг олон түцтэй зах биш дан ногоон байгууламж хэвээр нь үлдээх ёстой
2022.03.29

Б.Саранчимэг: Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг олон түцтэй зах биш дан ногоон байгууламж хэвээр нь үлдээх ёстой

УИХ-ын гишүүн Б.Саранчимэг “ТЭРБУМ МОД” ҮНДЭСНИЙ ХӨДӨЛГӨӨНИЙГ НИЙСЛЭЛД ЗОХИОН БАЙГУУЛАХ “НОГООН ХОТ, ИРГЭНИЙ ОРОЛЦОО” зөвлөгөөнд оролцож дараах саналаа хэллээ.

НЭГДҮГЭЭРТ, ХҮСЭЭГҮЙ ХҮНД ШАЛТАГ НЬ ОЛДДОГ, ХҮССЭН ХҮНД АРГА НЬ ОЛДДОГ.

Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг олон түцтэй зах биш дан ногоон байгууламж хэвээр нь авч үлдэхийг эрхэм хотын удирдлагуудаас хүслээ. Олон хүн “Тэрбум мод” тарих ажил бол хэзээ ч бүтэхгүй, чадахгүй гэж ярьж байгаатай таарсан. Хүсээгүй хүнд шалтаг нь олддог, хүссэн хүнд арга нь олддог гэж. Улсын төсөвт тааруулж хийвэл магадгүй тэр хүмүүсийг бодсон шиг бүтэхгүй байж магад. Харин өөр өөрсдийн боломж нөхцлийг ашиглаж, идэвхи санаачлага гаргаж ажиллаж чадвал энэ бүхэн боломжтой юм.

Анх цэцэрлэгт хүрээлэн шарилж, хогондоо баригдсан зэлүүд тал байсныг та бүхэн бүгд санаж байгаа байх. 5 хүрз 27 ажилтантай эхэлж байсан. Харин өнөөдөр Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нийт 183 га талбайн хэмжээтэй, олон спортыг дэмжсэн талбай, зам тоноглол бүхий Улаанбаатар хотын хамгийн том ногоон байгууламж болсон, 110 хүнээс бүрдэх, мэргэжлийн баг хамт олонтой болсон.
Одоо Баянзүрх дүүрэгт дахин том цэцэрлэгт хүрээлэн байгуулахаар ажиллаж байна.

ХОЁРДУГААРТ, МОД ТАРИХААС ИЛҮҮ МОДОО АРЧИЛЖ УРГУУЛАХ, ОДОО БАЙГААГАА БИД ХАМГААЛАХ НЬ ЧУХАЛ

Нийтээрээ мод тарьж байгаа ч түүнийг арчилж ургуулах нь чухал асуудал. Гэхдээ тэрнээс наана одоо байгаа ой модоо хамгаалах нь тэргүүн ээлжний асуудал. Гэтэл энэ тал дээр салбарын яам, хариуцсан байгуулагуудын зохион байгуулж байгаа ажилд сэтгэл дундуур байгаа. Тиймээс хуш модны самар их хэмжээгээр түүж бэлтгэх, экспортлох асуудлыг хориглуулахаар Ерөнхий сайд, өмнөх болон одоогийн БОАЖ-ын сайд нарт албан бичгээр хандсан байгаа.

Бидний нүдэнд ил байгаа Богд Хан уул өнөөдөр ямар байдалтай болсныг иргэд сайн мэднэ. Маш их хэмжээний ой мод хорьтон шавьжинд идэгдэж сүйдсэн. Хулгайгаар хөрөөдөж тайрсан байдалтай байгаа. Энэ байдал Улаанбаатар хотын ногоон бүсүүдэд ч мөн ижил байдалтай байгаа. Бүхэл бүтэн уулын модыг хөрөөдөж тайрсаар байгаад дуусгасан байгаа.

ГУРАВДУГААРТ, УС, УСАЛГАА ХАМГИЙН ЧУХАЛ АСУУДАЛ

Тарьсан мод, бутыг усалж ургуулж арчлах асуудлыг бид орхиж огт болохгүй. Ургуулахад хамгийн чухал зүйл нь ус, усалгаа. Тиймээс Монголчууд бид борооны усыг аль чадах хэмжээгээрээ дор бүрнээ цуглуулж, хуримтлуулж мод арчилгаа, усалгаандаа ашигласнаар гүний цэвэр усаа гамнах, цэвэр усны хэрэглээг бууруулах, газар тариалан болон мал аж ахуйн салбарт усны менежментийг сайжруулах, цэвэр усны зохистой хэрэглэх нэмэгдүүлэх, цаашлаад цөлжилтийн эсрэг тэмцэхэд бидэнд чухал ач холбогдолтой юм.

Монгол улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, УИХ-ын гишүүд, МУ-ын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ болон Засгийн газрын гишүүд, аймаг орон нутгийн удирдлагууд, Монгол улсын иргэд, аж ахуйн нэгжүүдэд хандан. Шийдвэр гаргагчдаас энэхүү уриалгыг минь дэмжиж ажиллахыг чин сэтгэлээсээ хүслээ.

Бид ХҮСВЭЛ, ЗҮТГЭВЭЛ, иргэд, ААН-үүдийнхээ дэмжлэгийг авч хүчээ НЭГТГЭВЭЛ, НЭГДВЭЛ энэ бүхэн боломжтой юм.
Мод бол Монгол улсын “НОГООН ТУСГААР ТОГТНОЛ”-ын баталгаа юм. Тиймээс “НОГООН ТУСГААР ТОГТНОЛ”-оо хамгаалахын төлөө бүгдээрээ хамтдаа зүтгэе.

Сэтгүүлч

Сэтгүүлч Ц.Соёлмаа soyolmaa@vip76.mn