2022.03.24

УИХ-ын гишүүн С.Бямбацогт Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн удирдлагад албан бичиг хүргүүллээ

Эмнэлгийн үйлчилгээтэй холбоотой иргэдээс ирүүлдэг санал, гомдлын дийлэнх хувийг ажилчдын ёс зүй, харилцаа, хандлагатай холбоотой гомдлууд эзэлдэг. Үүнийг хэрхэн засч, зөв чиглүүлэх асуудлаар С.Бямбацогт гишүүн Баруун бүсийн оношилгоо, эмчилгээний төвийн удирдлагад албан бичиг хүргүүлж салбарын хүмүүстэй уулзлаа.

Иргэд төрийн үйлчилгээг ямар нэгэн хүндрэл бэрхшээлгүй, эрх тэгш, ялгаварлалгүй хүртэх эрхтэй. Тиймээс тэрээр салбарын хүмүүст хандан хандлагаа өөрчилж 2023 он хүртэл эелдэг зөв харилцаатай, бүтээмж чадвар өндөртэй “Манлайлагч” байгууллага болох зорилтыг дэвшүүлэн түүнийхээ хүрээнд хэд хэдэн ажлуудыг хийх чиглэл өгсөн байна.

- Эмнэлгийн ажилтнуудын үйлчилгээний талаар санал, хүсэлт авах байнгын утас ажиллуулах

-  Цахимаар цаг авдаг ч цагтаа үздэггүй байдлыг халах

-  Иргэдийн дунд сэтгэл ханамж өндөр байдаг эмнэлгүүдийн туршлагыг судалж сайн жишээг нэвтрүүлэх

-  Харилцааны соёл, мэргэжлийн ёс зүйн талаар эмч, сувилагч нарыг чадавхжуулах сургалт зөвөлгөөнийг үе шаттай зохион байгуулах

-  Харилцаа хандлагаараа олон нийтийн саналаар манлайлж байгаа албан хаагчдыг нийтэд зарлаж урамшуулах гэх мэт ажлуудыг зохион байгуулж, гишүүний зүгээс шаардлагатай туслалцааг үзүүлэхээр боллоо.