МАН-ын бүлэг төсвийн тодотгол хийхийг дэмжжээ
2022.04.12

МАН-ын бүлэг төсвийн тодотгол хийхийг дэмжжээ

УИХ дахь МАН-ын бүлгийн өнөөдрийн ээлжит хуралдаанд Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ оролцож, өнгөрсөн долоо хоногт өрнөсөн залуусын жагсаал, эдийн засгийн нөхцөл байдлын талаар танилцуулсан байна.

Мөн хуралдаанаар Олон улсын хямралт нөхцөл байдлаас үүдэлтэй гол нэр төрлийн бараа, бүтээгдэхүүний үнийн өсөлт, хомсдолоос сэргийлэх, сөрөг нөлөөллийг бууруулах тухай хуулийн төслийг хэлэлцсэн гэдгийг УИХ-ын гишүүн Х.Булгантуяа тус бүлгийн шийдвэрийг танилцуулах өнөөдрийн хэвлэлийн хурлын үеэр онцлов. МАН-ын бүлгийн гишүүд дээрх хуулиас гадна 2022 оны төсөвт тодотгол хийхийг дэмжжээ.

Монгол Улсын эдийн засагт энэ онд тулгамдаж буй гол асуудал нь үнийн өсөлт. БНХАУ-д цар тахлын давалгаа их байгаа тул хилийн боомтуудын нөхцөл байдал сайжрах магадлал бага байгааг УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар мэдээлэв. Мөн ОХУ, Украины хурцадмал нөхцөл байдлын улмаас гадаад худалдааны хүндрэл, бэрхшээл үргэлжлэх төлөвтэй байгаа аж. Тиймээс энэ онд эдийн засгийн нөхцөл байдал сайжирна гэсэн өөдрөг төсөөллийг өөрчилж, төсөвт тодотгол хийхийг бүлгийн гишүүд дэмжсэн байна.

УИХ-ын Төсвийн байнгын хорооны дарга Ч.Хүрэлбаатар, “Төсвийн тодотгол ам.долларын ханшийн улмаас төгрөгт ирж буй дарамтыг буулгах ёстой. Зах зээлд ам.долларын эрэлт их байх нь эдийн засагт хоёр бэршээл дагуулна. Нэгдүгээрт, төгрөгийн ханш унаж, валютын нөөц хомсдож байна. Хоёрдугаарт, одоо хүндрэлтэй байгаа тээвэр логистикт ачаалал өгч байгаа юм. Тодруулбал, төсвийн хөрөнгө оруулалт, худалдан авалтаар гадаадаас орж ирэх бараанууд нь одоо байгаа тээврийн ачааллыг улам бүр нэмнэ. Ингэснээр тээврийн зардал улам нэмэгдэж, үнэ өсөх, хөөрөгдөх аюултай. Монголбанк мөнгөний бодлогоо 9 хувь байхаар тогтоосон тул төсвийн бодлогоо уялдуулахгүй бол үр дүн муу байна” гэлээ.