2022.04.15

Хэнтий аймгийн улсын тэргүүний Баян-овоо сумын сайн туршлагыг Завхан аймагт нэвтрүүлнэ

УИХ-ын гишүүн Б.Баярсайхан “Монгол улсын тэргүүний сум” Хэнтий аймгийн Баян-Овоо сумын засаг дарга Н.Баянмөнхийг болон тус сумын багийн дарга нарыг Завхан аймагт урьж, тэдний туршлагыг хуваалцлаа.

Завхан аймгийн 24 сумын Засаг дарга, ИХ-ын дарга нарт хэрхэн Улсын тэргүүний сум болсон, яаж иргэдийнхээ хандлагыг өөрчилж сумын хөгжилд тэдний оролцоог нэмэгдүүлсэн талаарх туршлагыг нь сонсож ярилцсан байна.

Яг адилхан тооны хүн амтай, ижил төсөвтэй сум өнөөдөр хөгжлийн шатандаа эргэж буцалтгүй орсныг олон аймаг сумдын иргэд удирдлагууд сонирхон туршлагыг нь нэвтрүүлж эхлээд байгаа.

Завхан аймгаас Сонгино сумын удирдлагууд тус суманд очиж ажилласан учир Баянмөнх дарга багийн дарга нартайгаа Сонгино суманд 3 хоног ажиллалаа.

Тэргүүний сум болсон нууц маш энгийн. Сумын айлуудаас ойролцоо нутагладаг 10 өрхийг нэг аравтын бүлэг болгон зохион байгуулж олонд хүлээн зөвшөөрөгдсөн хүнээрээ ахлуулдаг. Аравт бүрээрээ бүх төрлийн үйл ажиллагаанд иргэдээ татан оролцуулдаг, хамтдаа хөгждөг, хандлагаа зөв болгож бие биеэ хүндэлдэг, тусалдаг, хамтаараа ноос ноолуураа тушаадаг, үр хүүхдүүдээ хамгаалдаг, дуу хоолойгоо нэгтгэдэг зэрэг “айл хүний амь нэг саахалт хүний санаа нэг” зарчмаар явж амжилтанд хүрч байгаа гэнэ.