2022.04.21

Ж.Батжаргал: Хэмнэлтийн хуульд өртөг, зардлаа бууруулах асуудлыг тусгах нь зүйтэй

УИХ-ын Төсвийн байнгын хорооны өнөөдрийн \2022.04.21\ хуралдаанаар Төрийн хэмнэлтийн тухай анхдагч хуулийн талаар хэлэлцлээ.

Хуулийн төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд байр суурь илэрхийллээ.

УИХ-ын гишүүн Ж.Батжаргал:

Олон жил ярьсан төсвийн шинэчлэлийн асуудлын эхлэл тавигдаж байна. Бид тал бүрээсээ хандаад, асуудлаа бодитой харж, төрийн чиг үүргийг бүрэн хэрэгжүүлж болох нөхцөл бололцоогоо харах ёстой. Хуулийн зорилго байгаа зүйлээ хэмнэх талаар яриад байгаа юм. Гэтэл өртөг зардлаа хямдруулах, хувийн хэвшил, олон нийтийн байгууллага хийж болох асуудлыг мэргэжлийн холбоодод нь даалгах талаар дурдахгүй байна. Төсвийн хэмжээнээс нэлээн их таналт хийгдэнэ.

Тээврийн хэрэгслийн талаарх найруулгаа сайн харах хэрэгтэй. Хаана жижиг тэрэг унаж болох, хаана туулах чадвартай машин ашиглах ёстойг эхлээд сайтар судлах шаардлагатай юм. Мал эмнэлгийн байгууллага өөрсдийн гэсэн унаатай байж, ажил үйлчилгээгээ хэрэгжүүлнэ. Асуудлын гадна үлдээж болохгүй.

Хөдөө орон нутагт төрийн албан тушаалтнууд томилолтоор ажиллахдаа өөрийн үндсэн байгууллагаас юм авчихаад тухайн байгууллагаас дахиж мөнгө гаргуулахгүй байх тухай тусгажээ. Өөр газраас авч болох юм уу? Угаасаа хориглох бол тас хориглох хэрэгтэй. Ашиг сонирхлын зөрчил гарах эрсдэл байна.

Хөрөнгө оруулалтын асуудлыг дахин харах нь зүйтэй. Зураг төсөвт нь тусгагдаагүй ажлыг шинээр нэмээд төсөв өртөгжүүлэх гэж байгаа бол түүнийг хориглохоос өөр арга байхгүй.

Орон нутгийн өмчид бүртгэлтэй газруудад улсын төсвөөс хөрөнгө оруулалт хийхгүй тухай дурдаад байна. Автозамын шинэчлэл бол улс орны хөгжлийн гол асуудал юм. Нутгийн зам хөтөлбөрөө яаж хэрэгжүүлэх вэ?

Агууламжийн алдаатай, нөгөө талаасаа чөдөр болохоор асуудалд биш, үйлдвэрлэл, үйлчилгээ, хөгжлийг тэтгэсэн зүйлд төсвийн мөнгө зайлшгүй шаардлагатай.