УИХ-ын Нийгмийн бодлогын байнгын хорооны /2022.04.26/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл: Энэ удаагийн Төсвийн тодотгол, хэмнэлтийг төр өөрөөсөө эхэлье гэдэг гол зарчим үйлчилж байгаа. Тиймээс эрүүл мэнд, боловсролын салбарын хөрөнгө оруулалт дээр онцгой хөдөлгөөн хийхгүй, нэн яаралтай биш хөрөнгө оруулалтуудыг хойшлуулсан, танасан төсөв гэж ойлгож байна. Энэ хүрээнд Эрүүл мэндийн сайдаас асууя. Өрхийн эрүүл мэндийн төвүүд сүүлийн 2 жилийн хугацаанд тоног төхөөрөмжийн шинэчлэл, нэмэгдэл хийгдсэнгүй гэдэг асуудал ярьж байна. Өрхийн эрүүл мэндийн төвүүдээр биохимийн шинжилгээний, шээсний иж бүрэн шинжилгээний аппратууд байхгүйгээс үүдэж дүүргийн эмнэлэг дээрээ оочир аваад 2 сар хүлээж байгаа, эсвэл сорьц зөөж байгаа гэсэн маш хүндрэлтэй асуудлууд ярьж байна. Тэгэхээр өрхийн эрүүл мэндийн төвүүдэд тоног төхөөрөмжөөр хангах чиглэлд ямар ажил хийж байгаа вэ? Улаанбаатар хотын алслагдсан дүүргүүд олон бий. Тухайлбал Улаанбаатар хотоос 25 км зайд байрладаг Био комбинатад маш том жишиг өрхийн эмнэлэг ашиглалтад орсон. Тус эмнэлэг дижитал рентгэн аппрат, зөөврийн аппрат суулгах орчин нөхцлийг бүрдүүлсэн боловч аппратуудын асуудал шийдэгдэхгүй байгаа. Хэрвээ аппратны асуудал шийдэгдчихвэл Шувуу фабрик, Био комбинат, Өлзийт хорооллын иргэд Улаанбаатар орох шаардлагагүй болно. Үүний хөрөнгө оруулалтыг хийж өгөхийг хүсч байна. Мөн Яармагийн нэгдсэн эмнэлэгт одоог хүртэл Зүрхний эхо байхгүй. 45-65 насны иргэд зүрх, судасны өвчний эрсдэлд байдаг. Эдгээр асуудалд Эрүүл мэндийн сайд болон Төрийн нарийн бичгийн даргыг анхаарч, нэгдсэн судалгаа хийж, шаардлагатай хөрөнгө оруулалтын ажлуудыг шийдэж өгөхийг хүсч байна. Хоёрдугаарт Ковидтой холбоотойгоор Эрүүл мэндийн даатгалын сангийн хөрөнгийг ерөнхийдөө шавхсан. Ковид19-ын хуультай холбоотойгоор буцаад эрхийг нь Засгийн газарт өгөөд, алдагдлыг нь нөхөж, үйл ажиллагааг нь хэвийн болгох нөхцлийг Сангийн яам бүрдүүлэх ёстой. Энэ нөхцлийг бүрдүүлсэн үү? Гуравдугаарт Төсвийн тодотголд Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яамны бодлогод залуучуудыг ажил, хөдөлмөртэй болгох чиглэлд яг ямар ажил тусгасан бэ? Мөн 1 сая төгрөг хүртэлх цалинтай иргэдийн НДШ төлснийг буцааж өгнө гэдгийг иргэд огт ойлгохгүй байна. Энэ асуудлыг энгийн байдлаар тайлбарлаж өгнө үү. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны /2022.04.26/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн С.Бямбацогт: Төрийн албаны тухай хуулийн 46-р зүйлд зааснаар тухайн төрийн албан хаагч өөрийн санаачлагаар төрийн албанаас чөлөөлөгдөх хүсэлт гаргадаг. Гэтэл Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төсөлд ажлаас чөлөөлөх гэж оруулж ирсэн байна. Үүнийг “ажлаас чөлөөлөх” биш “ажлаас халах” гэж өөрчлөх хэрэгтэй гэж бодож байна. Төрийн хэмнэлтийн тухай хууль зөрчсөн тохиолдолд ажлаас чөлөөлөхтэй холбоотой өөр ямар зохицуулалт тусгагдсан бэ? Түүний асуултад ажлын хэсгийн төлөөлөл хариуллаа.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны /2022.04.26/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: Автомашины хэрэглээг дарга нарын түвшинд хязгаарлаж болно. Хөдөө орон нутагт зайлшгүй шаардлагатай, үйлчилгээ үзүүлэхэд автомашинууд л явж төрийн үйлчилгээ үзүүлнэ. Түүнээс гадна онцлог байгууллагууд бий. Энэ хуулийн 6-р зүйл бол Тээврийн хэрэгсэл гэсэн байгаа. 6.5-д Дараах байгууллагад энэ хуулийн 6.3-дах хэсэг хамаарахгүй гээд нэрлэж заасан. Бусад дарга нарын асуултад хариулж байгаагаас үзэхэд үүнд Шүүхийн шинжилгээний үндэсний төвийг оруулах юм байна гэж ойлголоо. Үүн дээр нэмээд Прокурор мөн орох ёстой гэж бодож байна. Яагаад гэвэл Эрүүгийн хэрэг, хянан шийдвэрлэх ажиллагаа, гэмт хэргийн үзлэг гэх мэт Цагдаагийн үйл ажиллагаа явуулж буй бүхий л үйл ажиллагаанд Прокурорын байгууллага хяналт тавьж оролцдог. Жижүүрийн прокуророос эхлээд тодорхой ажлын хэсгүүдийн бүх үйл ажиллагаанд адилхан оролцдог. Тийм учраас энэ хуулийн 6.5-д Прокурорын байгууллагыг нэмэх нь зүйтэй гэж үзэж байна. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны /2022.04.26/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асууж, санал хэллээ. УИХ-ын гишүүн Л.Мөнхбаатар: Төсвийн мөнгийг төр хэмнэлттэй, үр ашигтй зарцуулах ёстой. Төрийн байгууллага орлогч юм уу дэд даргатай байх асуудал нь практик шаардлагаас бий болж гарч ирсэн зүйл. Агентлагийн дарга томилолтоор олон хоногийн хугацаатай явахаас гадна өвчтэй, чөлөөтэй, амралттай байх гэх мэт бусад олон асуудлууд үүсдэг. Үүнийг орлох практик шаардлага байгаа учраас орлогч, дэд дарга байх шаардлага үүсдэг. Мөн олон салбарыг нэгтгэсэн агентлагууд байдаг. Жишээ нь Улсын бүртгэлийн ерөнхий газар гэхэд л Засгийн газрын 3 яаманд байсан чиг үүргүүдийг нэгтгэж, 3 салбарыг нэгтгээд нэг ерөнхий газар болгосон. Энэ мэт олон чиг үүргүүдийг нэгтгэсэн байгууллагууд дэд даргатай байхгүй бол болохгүй. Засгийн газрын өмнө гарсан журам бий. 100-аас доош хүнтэй агентлаг дэд даргагүй, 100-аас дээш буюу үндэсний хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг байгууллагуудыг нэг дэд даргатай байхаар заасан. Яагаад дэд даргын асуудал яригдах болсон бэ гэхээр тодорхой хүнд зориулж албан тушаал бий болгосоор байгаад агентлагууд 3-4 дэд даргатай болсон. Компаниудын хувьд Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ ТӨХК гэхэд л хуучин 1 орлогчтой байсан бол одоо 7 орлогчтой болсон байна. Аймгийн Засаг дарга нар 2 орлогчтой болсон гэх мэт асуудлаас болж энэ асуудлыг шийдье гэж байгаа нь зөв боловч эргээд төрийн байгууллагын үйлчилгээ хэвийн явагдах нөхцлийг хангах байдлыг алдагдуулах гээд байна. Тиймээс дэд даргын асуудал нь Засгийн газрын журам гараад хэрэгжихгүй байсан бол хуульчилбал хэрэгжинэ гэж бодож байна. Нөгөөтэйгүүр төрийн тусгай чиг үүрэг гүйцэтгэж буй байгууллагууд байдаг. Эдгээр байгууллагууд Хууль зүйн байнгын хорооны эрхлэх асуудлын хүрээнд бие даасан хуулиа гаргасан учраас энд хөндөгдөхгүй. Энэ хуулиа хараахан хийж амжаагүй байгууллагууд бий. Улсын бүртгэлийн ерөнхий газар, Архивын ерөнхий газар гэх мэт байгууллагууд хуулиараа дэд даргатай холбоотой асуудлуудаа зохицуулаагүй учраас хэлмэгдээд, дэд даргагүй болж үлдэх гээд байна. Тиймээс энэ мэт асуудлуудыг авч үзэх хэрэгтэй. Мөн дэд даргын хэмнэлт гээд үзэхээр төрийн тусгай чиг үүрэг гүйцэтгэж байгаа, УИХ-д ажлаа тайлагнадаг байгууллагуудын дэд дарга нарыг хасахаар нийт хэдэн дэд дарга чөлөөлөгдөж, хэдэн төгрөгний хэмнэлт гарч байгааг асуумаар байна. Нөгөөтэйгүүр төсвөө батлаад гуравхан сарын дараа төсвийн тодотгол хийж байгаа нь зохимжгүй юм. Бид Төсвийн тогтвортой байдлын хуулиа баримтлаад, эхний 3 улирлын тайлан, балансаа харгалзан үзэж төсвийн тодотголоо хийх ёстой. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.
УИХ-ын НББХ-ны /2022,04,26/-ны өдрийн хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хэлэлцлээ. Хэлэлцэж буй асуудалтай холбогдуулан гишүүд асуулт асуулаа. УИХ-ын гишүүн Б.Саранчимэг: Хэмнэлийн горимд шилжихдээ иргэдийн ажлын байрыг хамгаална гэж байгаа. Гэхдээ Засгийн газрын танилцуулгад 1500 ажлын байрыг цомхтгоно гэсэн. Энэ бусад хуультай зөрчилдөхгүй байгаа юу. Энэ цомхтголд орсон хүмүүсийн нөхөн олговор төсөвт орсон уу.Чиг үүрэг нэг газруудыг нэгтгэнэ гэсэн байна. Ямар төсөв байгууллагууд орж ирж байгаа вэ. Манай Байнгын хороонд ямар төрийн өмчит компани, үйлдвэр харьяалагддаг вэ. Бид хэмнэлтийн горимд ороод төсвийн тодотгол хийж байна. Гэхдээ бид зайлшгүй авах татвараасаа орлогоо нэмэх ёстой. Электрон тамхи маш их хордуулдаг. Хаа сайгүй хэрэглэж байна. Дэлхий нийтээрээ ярьж зарим орон хорьчихлоо. Энэ талаар ямар бодлого хэрэгжүүлэх гэж байгаа вэ. Гадуур янжуур тамхи хүний биеийг 70 хувь хордуулна, электрон тамхи 5 хувь хордуулна гэсэн реклам байна. Энэ тамхийг Тамхины хуультай уялдуулах хэрэгтэй. Түүний асуултад ажлын хэсгийн гишүүд хариуллаа.