2022 оны төсвийн тодотголын төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа
УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хорооны өнөөдрийн /2022.04.26/ хуралдаанаар Монгол Улсын 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Нийгмийн даатгалын сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай, Ирээдүйн өв сангийн 2022 оны төсвийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүдийн хоёр дахь хэлэлцүүлгийг явууллаа.
Хуулийн төслийн талаар Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд А.Ариунзаяа танилцууллаа.
Монгол Улсын Засгийн газраас хүнсний хомсдол, үнийн өсөлтөөс сэргийлэх, иргэдийн орлого, ажлын байрыг хамгаалах зэрэг нийгмийн тулгамдсан асуудлуудыг үе шаттай шийдвэрлэхээр Төсвийн тодотголын төсөлд тусгасныг сайд онцолсон. Нэг сая болон түүнээс доош хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлоготой даатгуулагчдад бодит дэмжлэг үзүүлэх үүднээс 2022 оны 5-12 дугаар сард Нийгмийн даатгалын шимтгэлийн даатгуулагчийн хариуцан төлсөн шимтгэлийн 50 хувийг буцаан олгох эрх зүйн зохицуулалтыг бий болгохоор, нийтлэг төрийн үйлчилгээний ажилчдын цалингийн шатлалын цалинг 5 дугаар шатлалд хүргэж нэмэгдүүлэн энэхүү арга хэмжээнд нийт 43.9 мянган хүн хамрагдаж нийтдээ 34 тэрбум төгрөг зарцуулахаар төлөвлөжээ.
Ирээдүйн өв санд төвлөрч байгаа хүүхдийн хуримтлалыг хүүхдийн эцэг, эх, хууль ёсны асран хамгаалагчийн гаргасан хүсэлтийн дагуу 2022 он дуустал 100 хувь мөнгөн хэлбэрээр авах эрх зүйн орчныг бүрдүүлж, төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн үр ашиг, засаглалыг сайжруулж, олон нийтийн шууд хяналтад оруулах төрийн өмчит компанийн бүтцийн өөрчлөлтийн шинэчлэлийг эхлүүлнэ гэж тусгажээ.
Хуулийн төслийн хоёр дахь хэлэлцүүлэгтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, хариулт авсан.
Тухайлбал, УИХ-ын гишүүн Ё.Баатарбилэг, төрийн байгууллагуудын төсөвтэй холбоотой хэмнэлтүүдийг бид ярьж байна. Сүүлийн жилүүдэд улс орны нийгэм, эдийн засгийн байдал, цар тахалтай холбогдуулан төрийн байгууллагын төсвийг танасан асуудал аймаг, сумдын Засаг даргын Тамгын газруудын үйл ажиллагаанд хүндрэл учруулах хэмжээнд хүрээд байна. Сумдын Засаг даргын Тамгын газруудын байр муудсан, нурах дөхсөн. Зарим нь унаа тэрэггүй. Төрийн байгууллагууд хэвийн үйл ажиллагаа явуулах боломжийг хэрхэн хангах вэ. Одоо хэмнэх зүйл бараг үлдсэнгүй. Энэ асуудалд ямар байна суурьтай байна вэ хэмээн Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын даргаас лавласан.
Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга Ц.Нямдорж, бүх аймаг, сумдын Засаг даргын Тамгын газрын байрын зургийг нэг бүрчлэн авч, цаашид шаардлага хангах эсэхийг судлан Засгийн газрын хуралдаанд танилцуулсан. Хоёр аймгийн Засаг даргын Тамгын газрын байрыг актлахаар болсон байна. 327 сумын тал нь 1970-аад оноос өмнө гар аргаар барьсан ашиглалтын шаардлага хангахгүй байртай байна. Энэ удаагийн тодотгол ярихаас өмнө жилд 10 байрыг засварлах санхүү мөнгөний асуудлыг шийдвэрлэж явахаар Засгийн газрын хуралдааны протокол гаргуулаад байсан. Төрийн хэмнэлтийн тухай хуулийн төсөлд барилгыг ашиглах боломжгүй гэсэн акт гарснаас бусад тохиолдолд шинээр байр барихгүй гэсэн утгатай заалт орж ирсэн. Цаашид ашиглах боломжгүй гэсэн акт тогтоогдсон барилгуудын асуудал одоо хөндөгдөж байгаа болохоор Засгийн газар мөнгөний боломж, нөхцөл байдлаас шалтгаалаад үе шаттайгаар шийдээд явах бололцоотой.
Унаа тэрэгний тухайд бүх аймаг, сумдын машиныг судалж үзсэн. Бас л машингүй, эсвэл муудсан, актлагдсан байдалтай байна. Барилгын асуудалтай адилаар Засгийн газрын хуралдаанд танилцуулж, үе шаттайгаар шийдвэрлүүлэх протокол гаргуулсан. Цаашид шийдвэрлээд явах байх. Ер нь энэ хоёр асуудал олон жил урсгалаараа явсан. Хөрөнгө мөнгө гайгүй аймаг асуудлаа шийдчихдэг, хөрөнгө татуу аймаг хэвээрээ байж байдаг. Хэмнэлтийн хууль батлагдахаар Засгийн газрын албаны авто машинуудын тоог гарган, илүү гарсан машинуудыг орон нутагт шилжүүлж, ашиглуулах асуудлыг шийдвэрлэх бодолтой байгаа. Эхний ээлжинд орон нутагт сэлбэлт хийх чиглэлийг барина гэсэн хариулт өгсөн.
Гишүүд асуулт асууж, хариулт авсаны дараа хуулийн төсөлтэй холбогдуулан гишүүдээс гаргасан зарчмын зөрүүтэй саналын томьёоллуудаар санал хураалт явуулан Байнгын хорооны санал, дүгнэлтийг Төсвийн байнгын хороонд хүргүүлэхээр тогтлоо.