Ж.Батжаргал: Тусгай хамгаалалттай бүсэд суурьшлын бүс нэмж үүсгэхгүй байх нь чухал
Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийг 1994 онд, Тусгай хамгаалалттай газар нутгийн орчны бүсийн тухай хуулийг 1997 онд баталсан. Хууль анх баталснаас хойш 7 удаа нэмэлт, өөрчлөлт оруулсан ч өнөөгийн газрын харилцааны менежмент, бодлогыг тодорхойлоход хангалтгүй байгааг мэргэжилтнүүд хэлж байгаа юм.
Тиймээс Улсын Их Хурлын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны 2021 оны 13 дугаар тогтоолоор Тусгай хамгаалалттай газар нутгийн тухай хуулийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийж, санал, дүгнэлт боловсруулах үүрэг бүхий Ажлын хэсгийг Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргалаар ахлуулж, Улсын Их Хурлын гишүүн Т.Аубакир, Б.Бейсен, Г.Мөнхцэцэг, Б.Саранчимэг нарын бүрэлдэхүүнтэй байгуулсан.
Манай улсын хэмжээнд 120 тусгай хамгаалалттай газар нутагт 32.7 сая га газар хамрагддаг нь нийт нутаг дэвсгэрийн 21 орчим хувь юм.
УИХ-ын гишүүн Ж.Батжаргалаар ахлуулсан Ажлын хэсгийнхэн байгуулагдсан цагаасаа эхлэн тогтмол хуралдаж, идэвх санаачилгатай ажиллаж, тусгай хамгаалалттай газрын үйл ажиллагаа, өнөөгийн нөхцөл байдалтай танилцан холбогдох санал дүгнэлтийг тухай бүрт нь гаргаж байгаа билээ. Энэ хүрээнд Богдхан уулын дархан цаазат газар, Горхи-Тэрэлжийн байгалийн цогцолбор газар, Хустайн байгалийн цогцолбор газар болон Дорноговь, Дундговь, Өмнөговь, Говьсүмбэр аймагт ажиллаж, шинээр улсын тусгай хамгаалалтад авах мөн тусгай хамгаалалтын зэрэглэлийг ахиулах хүрээнд тухайн орон нутагт ажилласан юм.
Ажлын хэсгийн чиг үүргийн хүрээнд тусгай хамгаалалттай газрын нөхцөл байдал, тулгамдаж буй асуудлуудтай танилцсан УИХ-ын гишүүд хууль, эрх зүйн орчинг шинэчилж, орон нутгийн эрх хэмжээг тодорхой болгох, тусгай хамгаалалттай газарт үүссэн суурьшлын бүсийн асуудлыг цэгцлэх, мэргэжлийн байгууллагуудын үүрэг, оролцоог хэлбэрэлтгүй тогтоох шаардлагатайг онцолж байлаа.
Мөн тусгай хамгаалалттай бүсэд суурьшлын бүс нэмж үүсгэхгүй байх, дархан цаазат газар нутагт аялал жуулчлалын чиглэлээр газар ашиглах гэрчилгээ олгож, аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулна гэдэг ч хаус хороолол барьж худалддаг болон хамгаалалтын бүсийг өөрчилдөг байдлыг бүрмөсөн зогсоох, нэгдсэн стандарт нормыг тогтоох чиглэлийг холбогдох байгууллагуудад өгөх асуудлыг ажлын хэсгийн санал, дүгнэлтдээ нарийвчлан тусгана гэдгээ ажлын хэсгийн ахлагч, Улсын Их Хурлын гишүүн Ж.Батжаргал хэллээ.
Тиймээс тусгай хамгаалалттай газрын тоог нэмэгдүүлэх, хяналт шалгалтыг сайжруулах шаардлагатайг УИХ-ын гишүүн Ж.Батжаргал чуулган, байнгын хорооны хуралдаанаар удаа дараа байр сууриа илэрхийлсээр ирсэн.Байгалийн унаган төрх, өвөрмөц тогтоц, ховор, нэн ховор амьтан, ургамлын амьдрах орчныг хамгаалах, судалгаа шинжилгээний түлхэц газар болгох, байгалийн аялал жуулчлалыг хөгжүүлэх зэрэг тоочоод баршгүй үр шимтэй билээ.
Түүний ахалсан Ажлын хэсэг амжилттай ажиллаж, Ажлын хэсгийн зүгээс цаашид анхаарах асуудлыг нарийвчлан судлан боловсруулж санал, дүгнэлтдээ тусган Байнгын хорооны хуралдаанаар танилцуулж, Засгийн газарт чиглэл өгүүлэх, УИХ-ын эрх хэмжээний хүрээнд эрх зүйн орчныг боловсронгуй болгох чиглэлд анхаарч ажиллахаа илэрхийлээд байна.
Ж.БАТЖАРГАЛ: ХАМГААЛАЛТЫН БҮСИЙН ЗОРИУЛАЛТЫГ ӨӨРЧИЛДӨГ БАЙДЛЫГ ЗОГСООНО
Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Ж.Батжаргал Eagle телевизийн Зочны цаг буланд оролцож, цаашид хэрхэн ажиллах эсэх, гол асуудал нь юу байгаа талаар дэлгэрэнгүй мэдээлэл өглөө. Дараах холбоосоор орж ярилцлагын сонсоно уу?
https://vip76.mn/p/81263?year=2022&id=11136
Сэтгүүлч
Сэтгүүлч Э.Намуунаа namuunaa@vip76.mn