2022.05.03

С.Чинзориг: Судалгааны аргачлалаа шинэлэг болгох шаардлагатай байна

УИХ-ын Эдийн Засгийн байнгын хорооны /2022,05,03/-ны өдрийн хуралдаанаар Үндэсний статистикийн хорооны 2021 оны үйл ажиллагааны тайланг хэлэлцлээ.

УИХ-ын гишүүн С.Чинзориг:

Статистикийн мэдээг яаж гаргадаг вэ. Иргэдийн хувьд итгэл, үнэмшил муу байдаг. Тухайлбал ядуурлын төвшин, дундаж цалингийн хэмжээ 1 сая гарлаа гэх мэт мэдээлэл иргэдийн эргэлзээг төрүүлдэг. Иймд ямар аргачиллаар  судалгаагаа гаргадаг вэ. Цаг хугацааны хүчин зүйл болон бусад зүйлийг иргэдэд сайн мэдээлэл хүргэх хэрэгтэй. Өнөөдрийн байдлаар ядуурал буурлаа, өрхийн орлого өслөө гээд иргэд ойлгохгүй. Дараагийн асуудал ковид, Олон улсын нөхцөл байдал манай эдийн засагт мөн орлогод хэрхэн нөлөөлж байгаа талаар сайн судалж, мэдээлэл гаргах хэрэгтэй. Төлбөр, худалдааны тэнцэл, инфляцийн түвшинд хэрхэн сөрөг болон эерэг нөлөөлж байгаа талаар анхаарч ажиллах шаардлагатай.

Түүнчлэн УИХ эдийн засгийн нөхцөл байдлаас шалтгаалан бараа бүтээгдэхүүний үнийн хомсдолоос хамгаалах, Хэмнэлтийн тухай хууль гаргалаа. Энэ хуулиуд бодит байдал дээр хэрхэн биеллээ олж байна. Иргэдийн амьжиргаанд эерэг болон сөрөг нөлөө хэрхэн үзүүлж байгаа талаар статистик мэдээлэл гаргаж шинэлэг ажиллах хэрэгтэй байна. Тухайлбал Хэмнэлтийн хууль дээр тоон мэдээлэл гаргаж Засгийн газар, УИХ-д танилцуулах зайлшгүй шаардлага байна.