Хичээлээс бусад нэмэлт арга хэмжээг зогсоолоо
2009.10.16

Хичээлээс бусад нэмэлт арга хэмжээг зогсоолоо

“Амны хаалт зүүвэл хоёр цаг тутамд солих хэрэгтэй. Эс бөгөөс амны хаалт эргээд өвчин тараах магадлалтай. Харин өвчтөнүүд, тэднийг сувилж буй эмч ажилтнууд, үйлчилгээний байгууллагынхан заавал зүүх хэрэгтэй. Гэхдээ хоёр цаг тутамд сольж зүүгээрэй” гэсэн зөвлөмжийг Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Ганхүү Нийслэлийн онцгой комиссын хурлын үеэр өглөө. Ийм зөвлөмжийг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагас өгч байгаа гэсэн юм. Мөн тэрбээр нийслэлд 28 эмийн сан 24 цагаар ажиллаж, өрхийн эмнэлгүүд 08-22 цаг хүртэл уртасгасан цагаар ажиллаж байгаа талаар тэрбээр мэдээлээд иргэд болон аж ахуйн нэг байгууллагуудад хандсан зөвлөмж тарааж байгаа тухайгаа мэдээллээ.

Харин Нийтийн тээврийн дарга П.Наранцэцэг автобус болон нийтийн тээврийн хэрэгслийг эцсийн буудалд ирэхэд нь чийгтэй цэвэрлэгээ хийж байгаа болон үйлчилгээнд гарч буй хүмүүстээ амны хаалт тогтмол зүүлгэж хэвшүүлсэн гэсэн мэдээллийг хийсэн юм.

Дэлхий нийтийг түгшээгээд байгаа гахайн ханиад манай улсад гарч, 14 тохиолдол бүртгэгдээд нийслэлийн 97 дугаар сургууль, Хөгжим бүжгийн коллеж, “Авьяас” сургуулийн үйл ажиллагааг түр хугацаагаар зогсоогоод буй бөгөөд бусад сургуулиудад хорио тогтоохгүй талаар энэ хурлын үеэр яригдлаа. Харин хичээлээс бусад нэмэлт арга хэмжээг зогсоохийг Нийслэлийн Засаг даргын нэгдүгээр орлогч Б.Баатарзориг үүрэг болголоо. Мөн тэрбээр Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Нийтийн тээврийн газар, Онцгой байдлын газар, Цагдаагийн газрын удирдлагуудад чиглэл чиглэлээр нь үүрэг өгч энэ өдрүүдэд өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллахыг Б.Баатарзориг дарга даалгалаа.

Энэ амралтын өдрүүдэд өмчийн хэлбэр харгалзахгүйгээр албан байгууллагуудыг бүх нийтийн цэвэрлэгээнд татан оролцуул. Дүүргүүд дэх хур хог, далан сувгийг цэвэрлэ.

Сургууль цэцэрлэгийг үйл ажиллагааг хэвийн явуулна. Хүүхдүүдэд илчлэг сайтай, биеийнх нь дархлааг сайжруулах витаминлаг хоол хүнс өг. Амралтын өдрүүдэд сургууль цэцэрлэгүүдэд иж бүрэн, бүтэн цэвэрлэгээ хий. Үүнд Мэргэжлийн хяналтын газар хяналт тавиарай.

Нийтийн тээврийн хэрэгслийг эцсийн буудалд ирэхэд нь заавал цэвэрлэгээ, ариутгал хий. Цэвэрлэгээ хийгээгүй компани, хувь хүний зөвшөөрлийг цуцлаарай.
Орон сууцны орц, хонгил, нийтийн эзэмшлийн талбайг цэвэрлэ. Оршин суугчдаас үйлчилгээний хөлс авдаг учраас бүх цэвэрлэгээг хий.

Хүүхдийн тоглоомын газруудын үйл ажиллагааг зогсоо.
Сая хүнтэй нийслэл хотод 24 цагийн ажиллагаатай 28 эмийн сан гэдэг цөөхөн байна. Энэ тоог нэм. Гэхдээ эмийн борлуулалт, чанар, үнэ тарифт нь хяналт тавиарай. Амны хаалт болон витамины үнэ энэ өдрүүдэд ямар үнэд хүрэв ээ. Өвчин дагасан ийм бизнес байж болохгүй гэдийг Засаг даргын орлогч онцгойлон анхаарууллаа.

0ЭКСПЕРТсэтгэгдэл
Сэтгэгдэл оруулахын тулд та хэрэглэгчийн эрхээр нэвтэрнэ үү.
Экспертүүдийн сэтгэгдэл
Одоогоор сэтгэгдэл нэмэгдээгүй байна.