С.Ламбаа: H1N1 вирусын өвчлөл хурцадмал байдалд орлоо
Энэ сарын 13-ны өдөр шинээр томилогдсон шуурхай бүлэг өчигдөр хуралдсан юм. Манай улсад гараад байгаа гахайн томуу буюу А хүрээний H1N1 вирусын өвчлөл өчигдөр 15 цаг 30 минутын байдлаар 14 болж ихэссэн тухай сэтгэл түгшүүлсэн мэдээг шинээр томилогдсон шуурхай бүлгийн дарга, Эрүүл мэндийн сайд С.Ламбаа мэдэгдлээ. Тэрбээр энэхүү халдварт өвчин манай улсад газар авч, цаашид өсч магадгүй байгааг ч анхааруулсан. Томуу томуу төст өвчин үү, гахайн ханиад уу гэдгийг ялгахад ихээхэн хэцүү байгаа гэнэ. Хуралдааны үеэр ХӨСҮТ-ийн Тандалт судалгаа хариуцсан дэд захирал Г.Сүрэнханд мэдээлэл хийсэн юм. Энэхүү өвчний голомт гэж үзэж болох 97 дугаар сургуулийн 1004 хүнд хийсэн шинжилгээгээр 109 хүн ханиадтай, халуунтай, 48 хүн хоолойны ангинитай, нэг хүн нүдний өвчтэй гарчээ.
Гэхдээ олзуурхууштай нь эдгээр хүмүүсээс H1N1 вирусын халдвар илрээгүй аж. Гахайн ханиадаар өвчлөөд байгаа дээрх хүмүүс бүгд халуурч байгаа бол 86.7 хувь нь хоолой нь өвдөж, 80 хувь нь толгой өвдөх, хуурай ханиалгах, нус гоожих зэрэг шинж тэмдэг илэрч байгаа ажээ. Өчигдөр анх өвчилсөн зургаан хүний гурвыг нь эмч нарын зөвлөгөөний хурлаар оруулаад эмнэлгээс гаргасан юм. ХӨСҮТ-ийнхний хувьд нийслэлийн Эрүүл мэндийн газартай хамтран Баянзүрх дүүргийн 200 дугаар байр, 97 дугаар сургууль, МУБИС-ийн хичээлийн дөрөвдүгээр байр, Чингэлтэй дүүргийн “Авьяас” цогцолборт тандалт хийж байна. Мөн харуулдан тандалтыг нийслэл хот дахь 26 цэг, хөдөө орон нутгийн 51 цэгт хийж байх үеэр сэжигтэй тохиолдол гарсан бөгөөд одоохондоо уг өвчний вирус авсан эсэх нь тогтоогдоогүй байгаа аж.
Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Ц.Ганхүү хуралдаан дээр мэдээлэл хийх үеэрээ энэхүү өвчний сэжигтэй тохиолдол 20 илрээд байгаа тухай хуралд “оролцогчдод дуулгасан. Нийслэл дүүргийн Эрүүл мэндийн нэгдлүүдэд хариуцлагатай жижүүрийг 24 цагаар ажилуулж байгаа юм байна.
Хоёр Халиуны аль нь өвдсөнийг мэдэхгүй байна
Өчигдөр БСШУЯ-ны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга ийн мэдэгдсэн. Учир нь Хэнтий аймагт хоёр настай Халиун нэртэй хоёр хүүхэд гахайн ханиадаар өвчилсөн байж магадгүй байгаа аж. Гэхдээ яг аль нь энэ өвчний сэжигтэй байгааг тогтоож чадахгүй байгаагаа тус аймгийн Боловсролын газраас мэдэгдсэн гэнэ. Харин өчигдөр 13 цагийн үед Өвөрхангай аймгийн Боловсролын газраас нэг хүүхэд энэхүү өвчнөөр өвчилсөн нь тогтоогдлоо гэжээ. Гэхдээ дахин тодруулах үүргийг яамнаас нь аймгийн холбогдох хүмүүст өгсөн байна. Бусад аймгуудад гайгүй байгаа аж. БСШУЯ-ныхан үйл ажиллагааг нь түр зогсоогоод байгаа 97 дугаар сургуулийн хүүхдүүдийн хичээлийг нөхөхдөө хүүхдүүдэд хүндрэлгүйгээр хэрхэн зохицуулахаа боловсруулж байгаа ажээ.
Ариутгалын бодисын нөөц ердөө нэг тонн байгаа
Эрүүл мэндийн сайд гахайн ханиадны тархалт нэлээд хурдацтай явж байгаа гэж мэдэгдсэн. Гэтэл ариутгалын бодисын нөөц нь ердөө нэгхэн тонн байгаа тухай Байгалийн голомтод халдварт өвчнийг эсэргүүцэн судлах төвийн дарга хэллээ. Гэхдээ байгаа тэр нэг тонн ариутгалын бодисынх нь хугацаа өнөө маргаашгүй дуусах болоод юм гэнэ лээ.
Өнөөдрөөс гахайн ханиадтай хэрхэн тэмцэж байгааг шалгана
Шадар сайдын тушаалаар өнөөдрөөс эхлэн бүх газруудыг гахайн хаиадтай хэрхэн тэмцэх гэж байгаа бэлтгэл ажлын явцыг Мэргэжлийн хяналтын ерөнхий газраас шалгахаар болжээ. Өчигдөр Буян-Ухаа Олон улсын нисэх буудлын үйл ажиллагаатай танилцсан юм. Энэ өвчнийг манай улсын хилээр оруулж ирсэн “хэргийн эзэн” термо-камерийг шинээр сольж Буян-Ухаагийн хилээр орж гарах бүх хүмүүсийн халууныг шалгаж байхаар болсон байна.