ХЭҮК-т Улсын Их Хурлын гишүүн Б.Баярсайхан ажиллав
Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах Хүүхдийн эрхийг хамгаалах үүрэг бүхий Ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын гишүүн Б.Баярсайхан болон бусад албаныхан 2022 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Хүний эрхийн Үндэсний Комисст ажиллалаа.
Энэ үеэр ХЭҮК-ын даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч гишүүн Ж.Хунан, гишүүн Х.Мөнхзул, гишүүн Д.Сүнжид, Комиссын Тамгын газрын дарга Ц.Адъяахишиг нар хүлээн авч уулзаж, Комиссын үйл ажиллагааны талаар болон хэрэгжүүлж буй арга хэмжээ, цаашид хийх ажлынхаа талаар танилцуулга, мэдээлэл хийв.
Уг мэдээлэлд, “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх 18 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Монгол Улсын Их Хурлын 2019 оны 62 дугаар тогтоолын хэрэгжилтийн хүрээнд хүүхдийн эрх, хамгааллын талаар авч хэрэгжүүлэх арга хэмжээний 12 зүйл, заалтаас хэрэгжсэн, хэрэгжээгүй тус бүр хоёр, хэрэгжих шатандаа гурав, хэрэгжилт хангалтгүй тав гэсэн үр дүнгийн үзүүлэлттэй гарсныг дурдсан.
Мөн Комиссын танилцуулгад, 2019 оны байдлаар хүүхдийн эрхийг хамгаалах, гэр бүл төвтэй хүүхэд хамгааллын тогтолцоог бэхжүүлэх хүрээнд бодлогын найм, хэрэгжилтийн түвшний 16 ажлыг тусгасныг дурдаад хүүхдийн эрх, аюулгүй байдлыг хангах чиглэлээр тодорхой асуудлуудад анхаарах шаардлагатайг илэрхийлэв. Тухайлбал, Эрүүл мэндийн даатгалын газар хүчирхийлэлд өртсөн хүүхдүүдийн оношилгоо, эмчилгээний зардлыг хариуцдаг байх, цаашлаад Ажлын хэсгийн зүгээс хүүхдийн сурч, боловсрох бүрэн эрх нь зөрчигдөж буй дотуур байрны хүрэлцээ, орчин нөхцөл тааруу асуудалтай газар дээр нь очиж танилцан арга хэмжээ авах, түүнчлэн хүчирхийлэлд өртсөн хүүхэд үзүүлэх нийгэм-сэтгэл зүйн нөхөн сэргээх үйлчилгээг олон улсын жишгээр бий болгож нэвтрүүлэхэд анхаарч ажиллахыг хүсэж байлаа.
УИХ-ын гишүүн Б.Баярсайхан хэлсэн үгэндээ, иргэд, олон нийтийг соён гэгээрүүлэх, гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг үе шаттай зохион байгуулж, иргэдийн хяналт сайн дурын үйл ажиллагааг дэмжин, эцэг, эхийн үүрэг хариуцлагыг нэмэгдүүлж, олон нийтийн сүлжээнд сургалт сурталчилгааг идэвхтэй хийхийг тодотгов. Мөн тэрбээр, Хүүхдийн эрхийн тухай, Хүүхэд хамгааллын тухай хуулийн хэрэгжилтийг хянан шалгах, хүүхдийн эрхийг хамгаалах үүрэг бүхий Ажлын хэсэг энэ асуудалд нухацтай хандан ажиллаж, санал, дүгнэлтээ Байнгын хороо, нэгдсэн чуулганд танилцуулж, тулгамдсан асуудлуудыг үе шаттай шийдвэрлэх үүрэг, чиглэлийг Засгийн газарт өгч ажиллахаа илэрхийллээ.
Сэтгүүлч
Сэтгүүлч Б.Одончимэг odnoo@vip76.mn