2022.06.08

Зөвшөөрлийн тухай хууль батлагдсантай холбогдуулан УИХ-ын гишүүн Х.Ганхуяг мэдээлэл өглөө

 Бизнес эрхлэх хүсэлтэй иргэн, аж ахуйн нэгжид тулгардаг томоохон бэрхшээл бол олон шатны зөвшөөрлийн эрх байдаг. Үүнээс улбаалан хүнд суртал, авилга хээл хахууль “цэцэглэдэг” билээ. Тэгвэл үүнийг хуулиар зохицуулах хүрээнд УИХ-ын /2022.06.02/-ны өдрийн хуралдаанаар Зөвшөөрлийн тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг хэлэлцэж, төслийг эцэслэн батлуулах бэлтгэл хангуулахаар Эдийн засгийн байнгын хороонд шилжүүллээ. Тус хуулийн Ажлын хэсгийг ахалж буй Улсын Их Хурлын гишүүн Х.Ганхуягаас хуулийн онцлог, зүйл заалтын талаар ярилцлаа. 

Аж ахуйн үйл ажиллагааны тусгай зөвшөөрлийн тухай хуулиар 19 чиглэлд 200 гаруй зөвшөөрөл олгохоор заасан хэдий ч өдгөө албан бус тоогоор 1600 гаруй болж нэмэгдсэн. Зөвшөөрлийн тоо нь авлигатай шууд хамааралтай байдаг учраас хуулийн үзэл баримтлал болон зөвшөөрлийн тоог багасгах зайлшгүй шаардлага үүссэн юм. Дээрх асуудлыг цэгцэлж, эрх зүйн орчныг сайжруулах үүднээс УИХ-ын энэ хаврын чуулганы хуралдаанаар "Зөвшөөрлийн тухай хуулийн нэгтгэсэн төсөл"-ийг хэлэлцлээ.  

Зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авснаас хойш зөвшөөрөл олгох эрх бүхий этгээд ажлын 23 хоногт багтаан зөвшөөрөл олгох, сунгах эсэх асуудлыг шийдвэрлэх ёстой. Хэрэв хуулийн хугацаанд үндэслэлгүйгээр хариу өгч, татгалзаагүй бол энгийн зөвшөөрлийг олгосонд тооцно. Харин сунгах тохиолдолд бол тусгай, энгийн аль аль зөвшөөрөлд хуулийн хугацаанд хариу өгөөгүй тохиолдолд сунгасанд тооцдог байх зэрэг асуудлыг төсөлд нэмж тусгасан нь хүнд суртал, авилга хээл хахуулыг халах чухал ач холбогдолтой юм. Дээр дурдсанчлан чухал ач холбогдолтой онцлог заалтууд цөөнгүй бий.

ЗӨВШӨӨРӨЛ ХҮССЭН ӨРГӨДЛИЙГ ХҮЛЭЭН АВСНААС ХОЙШ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОХ ЭРХ БҮХИЙ ЭТГЭЭД АЖЛЫН 23 ХОНОГТ БАГТААН ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОНО.