2022.06.15

Н.Наранбаатар: Хилийн боомтуудаар хүнсний бүтээгдэхүүнийг импортлох боломж байгаа

УИХ-ын Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны /2022.06.15/-ны өдрийн хуралдаанаар “Хүнсний хангамж, аюулгүй байдлыг хангах талаар авах зарим арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төсөл /Монгол Улсын Ерөнхийлөгч 2022.05.20-ны өдөр өргөн мэдүүлсэн, анхны хэлэлцүүлгийг хийлээ.

Тогтоолын төсөлтэй холбогдуулан УИХ-ын гишүүд асуулт асууж, санал хэллээ.

УИХ-ын гишүүн Н.Наранбаатар:

Хүнсний аюулгүй байдал үнэхээр чухал асуудал. Тогтоолын төсөлд газар тариалан, бэлчээрийн мал аж ахуйн талын асуудлыг тусгасан байна. Тэгэхээр хүнсний хяналттай холбоотой ямар ажлууд хийх гэж байна вэ?

МХЕГ-аас явуулдаг хяналт шалгалтыг 3 жил зогсоох хуулийн төслийг Засгийн газраас өргөн бариад УИХ-аар хэлэлцэх эсэхийг нь хэлэлцсэн. Хяналт шалгалтыг зогсоосон энэ үед хүнсний аюулгүй байдлыг хэрхэн хянах вэ?

Сүүлийн үед мах бэлтгэлийн асуудал хөндөгдөөд байна. Илэрч байгаа нь энэ байна. Манай улсын хүнсний лабораторийн чадвар, хангамж нь хэр зэрэг байдаг вэ?

Цаашид хилийн боомтуудаар хүнсний бүтээгдэхүүнийг импортлох боломж байгаад байдаг. Зөвхөн нүүрсээ гаргах биш, зөрүүлээд тухайн боомтоор хүнсний бүтээгдэхүүнээ татан авах боломж байна. Үүнд, Гашуунсухайтын боомт, Шивээхүрэнгийн боомтууд багтана.

Түүний асуултад ХХААХҮ-ийн сайд З.Мэндсайхан хариуллаа.

Сэтгүүлч

Сэтгүүлч Э.Намуунаа namuunaa@vip76.mn