Буриад улсын ҮЭ-үүдийн нэгдсэн холбооны төлөөлөгчид МҮЭ-ийн холбоонд айлчиллаа
Олон улсын хамтын ажиллагааны хүрээнд Буриад улсын ҮЭ-үүдийн нэгдсэн холбоо болон МҮЭ-ийн холбооны хоорондын харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх, бэхжүүлэх, үйлдвэрчний эвлэлийн байгууллагуудын ажлын туршлагатай танилцах ээлжит айлчлал болж тус ҮЭ-ийн нэгдсэн холбооны төлөөлөгчдийг МҮЭ-ийн холбооны удирдлагууд хүлээн авч уулзлаа.
Уулзалтын эхэнд Буриадын бүгд найрамдах улсын ҮЭ-үүдийн нэгдсэн холбооны орлогч дарга, төлөөлөгчдийн тэргүүн Юдаева Елена Андреевна тус холбооны ерөнхийлөгч Дмитрий Владимирович Колмаковын мэндчилгээг хүргэлээ. Тэрээр хоёр орны ҮЭ-ийн холбоод олон жилийн түүхэн хамтын ажиллагаатай гэдгийг дурьдаад 2013 онд байгуулсан хамтран ажиллах гэрээнд хоёр орны ҮЭ-ийн хөгжилд хувь нэмэр оруулах хөдөлмөрийн харилцаатай холбоотой асуудлыг тусган ажиллаж байгааг онцолжээ.
МҮЭ-ийн холбооны ерөнхийлөгч С.Эрдэнэбат хоёр орны хамтын ажиллагаа болон МҮЭ-ийн тулгамдсан асуудлын хүрээнд товч мэдээлэл хийв. Тэрээр Буриадын ард түмэн бол ахан дүүсийн барилдлагатай, бидний мөнхийн хөрш хэмээгээд Орос, Украйн улсын хоорондын дайнд санаа зовниж буйгаа илэрхийллээ. Мөн тэрээр Буриад улсын үйлдвэрчний эвлэлүүдийн нэгдсэн холбооноос хамтын ажиллагааны гэрээг шинэчлэх хүсэлтийг хүлээн авсны хүрээнд цаашид хамтын ажиллагааг улам хөгжүүлэх саналтай байгаагаа илэрхийллээ.
Харин Буриадын бүгд найрамдах улсын үйлдвэрчний эвлэлүүдийн нэгдсэн холбооны орлогч дарга, төлөөлөгчдийн тэргүүн Юдаева Елена Андреевна төлөөлөгчдийн бүрэлдэхүүнийг танилцуулж, Буриад улсын үйлдвэрчний эвлэлүүдийн нэгдсэн холбоо нь үр дүнтэй хамтын ажиллагаа, олон нийтийн хяналт, ҮЭ-ийн зохион байгуулалт зэрэг гол бүтцийн хүрээнд ажиллаж, Хөдөлмөрийн харилцааг зохицуулж байгаа гурван талын хамтарсан комисс нь хөдөлмөрийн харилцааны үйл ажиллагааг зохицуулдаг гэдгийг онцоллоо.
Тэрээр ҮЭ-ийн хамгийн гол хамгаалалт хийж байгаа зүйл бол Гэрээ хэлэлцээр хэмээгээд гэрээ хэлэлцээрүүдийн үр дүнд багагүй амжилттай ажиллаж байгаа ч аливаа хөдөлмөрийн маргааны 86 хувийг цалин хөлстэй холбоотой маргаан эзэлж байгааг онцлов.
Тус айлчлалын бүрэлдэхүүнд Буриадын бүгд найрамдах улсын Бүх Оросын соёлын ажилтнуудын ҮЭ, Севастополь хотын Бүх Оросын соёлын ажилтнуудын ҮЭ, Боловсрол, шинжлэх ухааны ажилтнуудын ҮЭ, Холбооны ажилтнуудын ҮЭ, ОХУ-ын Зэвсэгт хүчний нутаг дэвсгэрийн байгууллагын энгийн ажилтнуудын ҮЭ, Биеийн тамир, спорт, аялал жуулчлалын нутаг дэвсгэрийн олон нийтийн байгууллагын ажилтнуудын ҮЭ, Тролейбусны ажилтны ҮЭ, “Улаан-Үдийн багаж үйлдвэрлэлийн нэгдэл" ХК-ийн анхан шатны ҮЭ, Эрүүл мэндийн ажилтнуудын ҮЭ, Худалдаа, нийтийн хоолны ажилтнуудын ҮЭ, Барилга болон барилгын материалын үйлдвэрийн ажилчдын ҮЭ, Буриадын бүгд найрамдах улсын ҮЭ-үүдийн нэгдсэн холбооны төлөөлөл болсон 20 орчим хүний бүрэлдэхүүнтэй айлчилж байна.
Холбоотой мэдээ
2024.09.13
2024.05.21
2024.05.20