Сүхбаатар дүүрэгт гарааш чөлөөлөх ажил 56 хувьтай үргэлжилж байна
2022.07.26

Сүхбаатар дүүрэгт гарааш чөлөөлөх ажил 56 хувьтай үргэлжилж байна

Сүхбаатар дүүргийн Засаг дарга Х.Болормаа ажил хариуцсан хэлтсийн дарга, мэргэжилтнүүдийн хамт 3,5 дугаар хорооны гарааштай иргэдтэй уулзав. 

Нийслэлийн Засаг даргын 2022 оны А/388 дугаар “Газрын зөрчил арилгах” тухай захирамжаар сургууль, цэцэрлэгийн орчим болон нийтийн эзэмшил газрын  орц, гарц хаасан, авто замын үзэгдэх орчин хязгаармагдмал байршил бүхий зөвшөөрөлгүй барьсан тоосгон гараашуудыг чөлөөлөх ажил үргэлжилж байгаа билээ. 

Уг захирамжаар Сүхбаатар дүүргийн хэмжээнд 24 байршилд 551 гарааш буулгах шийдвэр гарсан юм. Өнөөдрийн байдлаар газар чөлөөлөлтийн ажил 56 хувьтай байна.

Газар чөлөөлөх ажлыг олон нийт талархалтай хүлээж авч байгаа ч гарааштай иргэдийн зүгээс Засаг даргад удаа дараа гомдол, хүсэлт ирүүлж байгаа тул захирамжийн хэрэгжилтийг хангах, газар чөлөөлөх ажлын явц, чөлөөлсөн талбайд хийж хэрэгжүүлсэн тохижилт, хөрөнгө оруулалтын ажлуудыг танилцуулж, тэдний санал, бодлыг сонслоо. 

Мөн гараашийн эздийг чөлөөлсөн байршилд хийх хөрөнгө оруулалтын ажлын төлөвлөлтөд өгсөн саналаа нэгтгэн, албажуулж 14 хоногийн хугацаанд ирүүлэхийг Засаг дарга чиглэл болголоо.