Сургууль, цэцэрлэгийн дулааны алдагдлыг бууруулах төсөл дүүргүүдэд хэрэгжиж байна
2022.07.27

Сургууль, цэцэрлэгийн дулааны алдагдлыг бууруулах төсөл дүүргүүдэд хэрэгжиж байна

Засвар хийж өнгө нэмэхийн сацуу дулааны алдагдал бууруулах төсөл хэрэгжиж буй зарим сургууль цэцэрлэгт өнөөдөр Нийслэлийн Засаг даргын Нийгмийн салбар, ногоон хөгжил болон агаар, орчны бохирдлын асуудал хариуцсан орлогч З.Төмөртөмөө очиж, засварын ажлын явцтай танилцлаа.

Тэрбээр хэлэхдээ:

 -Хичээлийн шинэ жилийн бэлтгэл ажил үргэлжилж байна. Засгийн газраас өгсөн үүргийн дагуу Боловсрол, шинжлэх ухааны сайдаар ахлуулсан ажлын хэсэг гарч, цэцэрлэгт хамран суралцах тойргоор суралцуулах, хүүхдүүдийг сугалаагүйгээр цэцэрлэгт хамруулах үндсэн том ажлын бэлтгэлийг нийслэлийн хэмжээнд хийж байна.

Өнөөдөр нийслэлийн хөрөнгө оруулалтаар хэрэгжүүлж буй сургууль, цэцэрлэгийн барилгын гадна фасад, дулаалгын ажилтай танилцлаа. Үндсэн хуульд заасны дагуу хүүхдүүд эрүүл, аюулгүй орчинд сурч боловсрох эрхтэй. Чингэлтэй дүүргийн 49 дүгээр сургууль бол 1200 хүүхэд суралцдаг том сургууль. Тус сургуулийг хичээл, сургууль амарсан үед дулаалга хийж, дээврийг бүрэн засварлаж, гадна өнгийг сэргээж байна. Мөн 24 дүгээр цэцэрлэгийг газрын гүний дулаанаар хангахаар төлөвлөж байна.

Хотын зүгээс дүүргүүдийн алслагдсан цэцэрлэг, сургуулийн барилгын дулаан алдагдлыг багасгаж, жил бүр засварын ажлын тоог нэмэгдүүлж буй. Хүүхдүүд амарсан үеэр ажлаа амжуулах ёстой. Ихэнх засварын ажил 80-90 хувьтай үргэлжилж байна.

Сонгинохайрхан, Баянгол, Чингэлтэй, Налайх дүүргүүдийн алслагдсан цэцэрлэгүүдэд засвар хийж байгаа. Алслагдсан, төвийн дулаанд холбогдох боломжгүй, олон хүүхэд суралцдаг, олон жилийн насжилттай, зайлшгүй засвар хийх шаардлагатай сургууль, цэцэрлэгийг сонгож, хэрэгцээгээр ангилсан.

Нэн тэргүүнд хүүхдийн сургууль, цэцэрлэгт анхаарна. Мөн дулаан алдагдалтай угсармал орон сууцуудад дулаан алдагдал бууруулахаар засварын ажил хийнэ гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байна гэлээ.